2020-04-05 07:26
+(976)-11-315735 | @: info@nli.gov.mn | English

Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа

ХЗДХЯ-наас боловсруулж, өргөн мэдүүлсэн хуулийн төслөө олон нийтэд танилцуулах зорилгоор “Хууль төрөхийн өмнө” сэдэвт хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран тогтмол зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн хэлэлцүүлгээр ХЗДХЯ-наас боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа. Хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, Дэд сайд Б.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, ХЗДХЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, Улсын Дээд шүүх, ШЕЗ, ШШГЕГ, Авлигатай тэмцэх газар, ТЕГ, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоо, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.

IMG_9333

Хэлэлцүүлгийг нээж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ дараахь зүйлийг онцолсон юм. Тодруулбал, 

· Дээрх хуулиудыг боловсруулах, хэлэлцэн батлах болон батлагдсаны дараахь шатанд иргэд болон тодорхой салбар, судлаачдаас багагүй хэмжээний санал, шүүмжлэл ирүүлж байсныг судлахад уг хуулийг практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэхэд хүндрэл үүсгэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, олон төрлийн зөрчилтэй, хуульзүйн техник, утга найруулгын алдаатай зохицуулалт нилээдгүй байна.
· Иймд хууль өөрөө цаг үе, нийгмийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, аливаа зөрчил, хийдэлгүй байх нийтлэг зарчимд тулгуурлан дээрх асуудлыг зохицуулах зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд УИХ-аас хэлэлцэн батлагдсан, 2017.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн.
· Эрүүгийн хуулийг батлах үед ч, батлагдсаны дараа ч энэ хуулийг хүний эрхийг хангахад дэвшил болсон, шоронжуулах, шоронд гэмт хэрэгтэн бэлтгэхээс зайлсхийсэн гэж ярьсан. Судлаад үзэхээр харамсалтай нь, тийм биш байсан. Жишээ нь, одоогийн үйлчилж байгаа 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд бүх гэмт хэрэгт хорих ял ногдуулдаггүй. Үнэн хэрэгтээ нийт гэмт хэргийн гуравны нэг нь огт хорих ялгүй тийм л хууль одоо үйлчилж байгаа. Гэтэл түүнийг сайжруулж байгаа гэж ярьж байгаад баталсан 2015 оны Эрүүгийн хуулийн бүх гэмт хэрэгт хорих ял шийтгэхээр болчихсон байсан. 440 заалт гэмт хэрэг 100 хувь хорих ялтай байсан. Эсрэгээрээ жинхэнээсээ шоронжуулах бодлоготой хууль шинээр баталчихсан. Үүнийг хүний эрхийн тал дээр дэвшил гарсан гэж яагаад ч хэлэх аргагүй. Түүнчлэн практикт уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх боломжтой, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байсныг залруулж байгаа. Ганцхан жишээ хэлэхэд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо барагдуулбал гэмт хэрэгт тооцохгүй, ял шийтгэхгүй гээд хуульчилсан байсан. Энэ нь залилагчид шалгагдаад, шүүхэд хэрэг нь ирэхэд нэгийг залилж нөгөөгийнхөө өрийг дараад л ял шийтгэгдэхгүй яваад байх боломжийг олгосон байсан.
IMG_9338
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр танилцуулга хийлээ.
Б.Энхбаяр: Хорих ялаас аль болох түдгэлзсэн
ХЗДХЯ-наас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, хуулийн төслийг өргөн барьсан. Эрүүгийн хуулийг 2015 онд батлахдаа тусгай ангийн 440 заалт нь бүгд хорих ялтай болчихсон. Анх ярьж байсан үзэл баримтлалаасаа эсрэг хууль батлагдсан. Дотор нь задлаад үзэхээр хорих ял 7 хоногоос эхэлж байгаа юм. Хорих гэдэг бол хамгийн хүнд ял шийтгэл ногдуулж байгаа хэлбэр. Тэгэхээр шоронд сууна гэдэг долоо хоног, долоон сар ч бай ялгаагүй нэр төр, эрхэмсэг оршихуйд их халтай. “Энэ хүн долоохон хоног ял эдэлж байсан юм гэж хэн ч ярьдаггүй. Насаараа л шоронд ял эдэлж байсан гэдэг нэртэй явна. Гэр бүл болох, шинэ ажилд орохоос эхлээд өнөөх ял шийтгэл эдэлж байсан гэдэг нь муу нэр салахгүй.

Тиймээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хорих ял шийтгэлээс аль болох түдгэлзэх, анх удаа үйлдсэн, хөнгөн гэмт хэрэгт заавал хорих ял ногдуулж, шорон гянданд хорихоос татгалзая гэж байгаа юм. Үүний оронд 60 гаруй зүйл анги дээр нийтэд тустай ажил хийлгэхээр оруулж өгсөн. Тодруулбал, өдөрт дөрвөөс ихгүй цаг ажил хөдөлмөр эрхлэх заалт бий. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг хэвээр хадгалж байгаа. Тодорхой төрлийн гэмт хэрэгт хатуу байр суурьтай байх, тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгана.Сүүлийн үед улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой саяаар биш тэрбум, их наядаар хэмжигдэх хохирол учруулсан албан тушаалын хэргүүд ихээр гарч байна. Үүнийг төр зүгээр хараад байх юмуу, жирийн нэг хулгайтай адилхан шийтгээд байх юмуу. Хатуу ял шийтгэл ногдуулж, төрийн алба хаших хугацааг хоёр жилээр хязгаарладаг байсныг нь таван жил болгож, чангаруулахаар заасан.

IMG_9347

IMG_9349

IMG_9350

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн онцлох заалт, өөрчлөлтүүд
IMG_9341

  • Одоогийн үйлчилж байгаа 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд бүх гэмт хэрэгт хорих ял ногдуулдаггүй.  2015 оны Эрүүгийн хуулиар бүх гэмт хэрэгт хорих ял шийтгэхээр байсан. 440 заалт гэмт хэрэг 100 хувь хорих ялтай байсан.
  • Практикт уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх боломжтой, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байсныг залруулж байгаа. Ганцхан жишээ хэлэхэд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо барагдуулбал гэмт хэрэгт тооцохгүй, ял шийтгэхгүй гээд хуульчилсан байсан. Энэ нь залилагчид шалгагдаад, шүүхэд хэрэг нь ирэхэд нэгийг залилж нөгөөгийнхөө өрийг дараад л ял шийтгэгдэхгүй яваад байх боломжийг олгосон байсан.
  • Заавал хорихыг урьтал болгохгүй байх зарчмыг барьсан. Тиймээс зарим хөнгөн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй байхаар тусгаж, хорих ялын доод хугацаа 7 хоног байсныг 6 сар байхаар зааж, үүнтэй уялдуулан нийтэд тустай ажил хийлгэх ялыг үндсэн ялд тооцон хэрэглэх нөхцлийг бүрдүүлсэн. 2015 оны шинэ Эрүүгийн хуульд нийтэд тустай ажил хийлгэх ялыг 440 заалтаас ердөө хоёрхон заалтад л хэрэглэхээр байсныг өргөтгөн хэрэглэхээр болж байгаа.
  • Улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц зарим гэмт хэргийн шинжийг өөрчилж, ялын бодлогыг чангатгаж байгаа. Эдийн засгийн гэмт хэрэг, Авлигын гэмт хэрэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого хэт сул, зарим томьёолол нь гэмт хэрэгтний ял завшуулах боломж үүсгэсэн байсныг чангалж, гэмт хэрэгтэнд ял завшуулах нөхцлийг бүрдүүлэхгүй байхад анхаарч ажилласан.Тиймээс авилга, албан тушаалын гэмт хэргийн бүлгийг бүхэлд нь шинэчилж ялын бодлогыг чангаруулахаар нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга тухай

IMG_9354

IMG_9355

Зөрчлийн тухай хуульд бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцон төрөлжүүлж нэгтгэхдээ харилцан хамааралгүй зөрчлийн шинжүүдийг нэг зөрчил болгон нэгтгэсэн нь зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх, шийдвэрлэх субьектын харъяаллыг тогтооход хүндрэл үүсгэсэн, Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим төрлийн зөрчлийг тусгаагүй орхигдуулсан, мөн хуулийн ерөнхий анги нь хамарвал зохих, үүсч болзошгүй бүхий л харилцааг хамарч чадаагүй зэрэг нь хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэхээр байгаа учраас хуулийн гол үзэл баримтлалыг хөндөлгүйгээр  хуулийг нэг мөр ойлгох, хууль ёсны зарчимд илүү нийцүүлэх, практикт хэрэгжихүйц байх нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор боловсруулахад хуулийн нийт заалтын 50-иас дээш хувь нь хөндөгддсөн учраас шинэчилсэн найруулгын төсөл хэлбэрээр боловсруулсан. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн нийт 706 заалтаас 647 заалт нь тусгай ангийг бүрдүүлсэн ба энэхүү зөрчлийн шинжүүдийг ойлгомжтой бичихэд хуулийн нийт заалтын 50-иас дээш хувь хөндөгдсөн.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

Төрөл: Мэдээ