2017-03-27 00:02
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хүн худалдаалахтай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн төслийн танилцуулга, нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Хүн худалдаалахтай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн төслийн танилцуулга, нээлттэй хэлэлцүүлэг энэ сарын 17-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. Хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, БХЗГ-ын дарга Э.Энхтуяа, ХЗҮХ-ийн захирал С.Энхцэцэг болон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.  Хэлэлцүүлгийг нээж ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан  үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ дараахь санааг онцолсон юм.

-Монгол Улс хүний наймааны эсрэг олон улсын гэрээнүүдэд нэгдэн орсноор уг гэмт хэрэгтэй тууштай тэмцэх үүргийг олон улсын өмнө хүлээн, хүний наймаанд өртөх эрсдэлтэй орны тоонд багтаж буйн хувьд ийм төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тодорхой ажлуудыг хийж, цөөнгүй жилийг үджээ.  Тухайлбал,

– 2005 онд Монгол Улсын Засгийн газар “Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах” Үндэсний хөтөлбөрийг 2006-2014 оны хүртэл 9 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн.

– 2008 оны 5 сард НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцийн нэмэлт болгох, хүнийг ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах шийтгэх тухай Палермогийн протколд нэгдэж орсон байна.

–   Монгол Улсын Их хурлаар 2012 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр батлагдсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг баталсан.

 -Ийнхүү хүний наймаатай тэмцэх бодлогоо тодорхойлсон нь гадаадын улсуудын болон олон улсын байгууллагуудад зохих ёсоор дэмжигдэн тэдний зүгээс тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр төсөл, хөтөлбөр санхүүжүүлж ирсэн. Мөн хүний наймаа, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт ашиглахаас хамгаалах асуудлаар дэлхийн, бүсийн хэмжээний хурал, зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл идэвхитэй оролцож, түүнийг шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар төрийн бодлогод нөлөөлж ирсэн байдаг” гэсэн юм.

Төрөл: Мэдээ