2019-12-13 17:12
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

НИЙТЭД ТУСТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА, САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР НӨЛӨӨТЭЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

Судалгааны товч

Дэлхийн улс орнууд нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд, сайн дурынхны хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахад төрийн чиг үүргийг нөхөн гүйцэтгэх, түүний хүрч чадаагүй хэсэгт хүрч, үр дүнтэй үйлчлэх чадавхитай болохыг үнэлэх болжээ.
Нийтэд тустай үйл ажиллагаа ба сайн дурын үйл ажиллагааны үр дүнд нийтийн ашиг сонирхол биелдэг гэсэн ерөнхий ойлголт, хандлага байгаа хэдий ч нийтэд тустай үйл ажиллагааг бүхэлд нь тодорхойлон хумих боломжгүй бөгөөд улс орнууд өөрийн онцлог, хөгжлийн хүрсэн төвшинд тулгуурлан түүнийг хэрхэн зохицуулах асуудлыг чухлаар авч үзэж байна. Монгол Улсад нийтэд тустай үйл ажиллагаа, сайн дурын үйл ажиллагааны талаар тусгайлсан эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа хэдий ч энэ асуудал олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаагаар дамжин хэдийнэ анхаарал татсан асуудал болжээ.
Энэ судалгааны хүрээнд холбогдох олон улсын гэрээ, олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмж, аргачлал зэрэг эрх зүйн баримт бичиг болон тухайн харилцааны эрх зүйн орчин сайн хөгжиж буй Европын зарим орнууд, түүний дотор хуулийн зохицуулалтын нийтлэг болон онцлог байдлаар нь Итали, Испани, Польш, Унгар, Чех гэсэн улсуудын эрх зүйн зохицуулалтыг сонгон авч түүхчлэх, харьцуулах, хууль зүйн техник, хууль тайлбарлах аргуудыг ашиглан судаллаа. Судалгааны үр дүнд Ашгийн бус байгууллагуудын Европын Төв (European Center for Non-Profit Law)-ийн гаргасан харьцуулсан судалгаанууд болон НҮБ-ын зөвлөмжид тулгуурлан харьцуулан судалсан орнуудад зохицуулдаг нийтлэг асуудлууд /сайн дурын үйл ажиллагааны тодорхойлолт ба хамрах хүрээ, сайн дурын ажилтны эрх үүрэг, сайн дурын үйл ажиллагааны хариуцлага, сайн дурын үйл ажиллагаа явуулах байгууллага, сайн дурын үйл ажиллагааг урамшуулах арга ажиллагаа/-ын хүрээнд сайн дурын үйл ажиллагааны үр нөлөөтэй эрх зүйн зохицуулалтыг тодруулж санал, зөвлөмж боловсруулав. Санал, зөвлөмжүүд нь зөвхөн судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулсан судлаачдын байр суурийг илэрхийлнэ.

Судалгаа хийсэн огноо: 2013

Хуудас: 56

Төрөл: Бодлогын судалгаа