2019-11-12 14:41
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2011 оны хагас жилийн тайлан

НЭГ. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА

Тус хүрээлэн нь 2011 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012 оны хөтөлбөр, Хууль зүй, дотоод хэрэгийн хэргийн сайдын 2011 оны 22 дугаар тушаалд заасны дагуу тус яамнаас боловсруулж буй хуулийн төсөлтэй холбогдох шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхой санал дүгнэлт бүхий 16 судалгааны ажил хийхээр төлөвлөгдсөн. Үүнээс 12 судалгааг бүрэн дууссан бөгөөд 4 судалгааны ажил үргэлжилж байна. Түүнчлэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн стратеги хөтөлбөрт тусгагдсан 10 судалгааны ажил хийж байна. 2011 онд нийт 26 эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр төлөвлөгдсөн байна.

Энэ онд төлөвлөгдсөн судалгааны ажлуудын сэдвийг дурьдвал: “Арбитрын тухай хуулийн хэрэгжилт, хүндрэл бэрхшээл эрх зүйн орчныг сайжруулах арга зам”, “Төрийн бус байгууллагын санхүүгийн орчны эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа”, “Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэхэд төрөөс тавих хяналт, хягаарлалтын боломж, харьцуулсан судалгаа /бусад орнуудын эрх зүйн зохицуулалт/”, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах арга зам” “Харъяатын тухай хуулийн хэрэгжилт, бусад орны туршлага” гэх мэт. Дээрх судалгааны ажлуудыг хийж тайланг ХЗДХЯ болон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

2011 оны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хувьд мэргэшсэн эрдэмтэн, судлаач нартай гэрээгээр хамтран ажиллаж зөвлөхийн үйлчилгээг авч ажиллаж байна.

Судалгаа тус бүрийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг илрүүлж, санал зөвлөмж боловсруулж, судалгааны ажлыг хийх явцад болон дууссаны дараа түүний үр дүнгээр эрдэм шинжилгээний /олон улсын болон бусад/ бага хурал, уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах, ном, гарын авлага гаргах, сонин, сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх зэргээр олон нийтэд хүргэж танилцуулж ажилласан болно. Тухайлбал 2011 оны эхний хагас жилийн байдлаар эрдэм шинжилгээний бага хурал 4-ийг зохион байгуулж, “Хууль дээдлэх ёс”, “Монголын төр эрх зүй”, “Гэмт явдалтай тэмцэх асуудал”, “2010 оны Монгол Улсын гэмт хэргийн байдалд хийсэн дүн шинжилгээ” нэг сэдэвт бүтээл, “Монцамэ мэдээ” зэрэг эрдэм шинжилгээний сэтгүүл, сонинд 20-иод өгүүлэл, нийтлэл нийтлүүлсэн байна. Цаашид судалгааны ажлын тайланг өгүүлэл, нийтлэл хэлбэрээр англи, орос хэлээр гадаад, дотоодын судлаач, оюутан, бусад сонирхогчдод хүргэхээр ажиллаж байна.

Түүнчлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр гадаад улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. ОХУ-ын Хууль зүйн яамны харъяа Оросын эрх зүйн академитай хамтран ажиллах хэлэлцээр байгуулж эрдэм шинжилгээний болон сургалтын төслүүдийг хэрэгжүүлэх, дэлхийн хэмжээний ач холбогдол бүхий сэдвээр хамтран эрдэм шинжилнээний бага хурал, семпозиум болон семинар зохион байгуулах, багш, судлаачдын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий солилцоог явуулах, эрх зүйн мэдээлэл болон судалгааны бусад баримт бичиг солилцох зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон. Мөн 2011 оны 8 дугаар сарын эхээр Япон улсад болох Олон Улсын Криминологийн 16 дахь удаагийн хуралд тус хүрээлэнгээс “Монгол Улс дахь компанийн гэмт хэрэг” сэдвээр илтгэл тавьж оролцохоор бэлтгэж байна.

Буриадын Их сургууль, ОХУ-ын Владивостокын Эдийн засаг, Үйлчилгээний Улсын их сургуультай эрх зүйн тодорхой салбарт хамтран судалгаа хийж, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах зэргээр хамтран ажиллаж байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр улиралд “Экологийн эрх зүй: Монгол ба Буриадын усны гадаргуу, тулгамдсан асуудал” сэдэвт дугуй ширээнийй уулзалтыг Монгол Улсад зохион байгуулсан. Уг уулзалт ярилцлагад ОХУ-ын Буриад улсын эрдэс баялгийн яамны Сайд Ангаев Баир Дугарович, ОХУ-ын Буриад улсын ашигт малтмалын удирдах газрын дарга Яловик Георгий Айратович болон бусад төлөөлөгч нар оролцов. Энэхүү уулзалтаар хоёр улсын нутаг дэвсгэрт буй усны гадаргуун талаарх тулгамдсан асуудлаар ярилцлага өрнүүлж, мэдээлэл, санал солилцсон.

ХОЁР. МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ, сангийн ашиглалтыг сайжруулах зорилтын хүрээнд системийн порграм хангамжийг сайжруулах талаар судалгаа хийж холбогдох техникийн саналыг Дэлхийн банкны “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төсөл”-д хүргүүлсэн бөгөөд уг төслөөс сайтын програм хангамжийг сайжруулах талаар тендер зарлан тус хүрээлэнтэй хамтран ажиллаж байна. www.legalinfo.mn сайтад сурталчилгааны баннер, зар сурталчилгаа байршуулах журмыг шинэчлэн баталж мөрдөж байна. Үүний хүрээнд Монгол Улсын хүчин төгөлдөр хуулийн 4 боть, Монгол Улсын түүхэнд холбогдох 1206-2009 он хүртэлх хууль тогтоомжийн 16 боть, Азийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ /ALIN/, Интернет лаборатори, хүрээлэнгийн номын сан, “Хууль дээдлэх ёс”, “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүл, “Ананд Батзаяа” хуулийн фирм зэрэг нэгж, бүтээгдэхүүний сурталчилгааны баннер, файлыг бэлтгэн сайтад байршуулсан.

Мөн ЭЗМНС www.legalinfo.mn-д улсын нэгдсэн бүртгэл авсан захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг оруулснаас гадна 350 гаруй тогтоол, 100 гаруй захирамжид хяналт хийж шаардлагатай засварыг оруулсан байна. Өнөөдрийн байдлаар www.legalinfo.mn сайтад 2 сая 2ОО мянга гаруй, 2011 оны эхний хагас жилд 435 863 хэрэглэгч хандалт хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2О гаруй хувиар өссөн байна. ХЗҮХ-ийн ажилтнуудад зориулан дотоод мэдээллийн солилцоог сайжруулах зорилгоор дотоод мэдээлэл дамжуулах портал, дотоод мессенжер сүлжээ, цалингийн мэдээллийг харах сайтыг боловсруулж дуусгаад байна.

“Хууль зүйн мэдээлэл” эмхтгэлийн ¹1-18 дугаарыг эрхлэн гаргаж борлуулалтыг өмнөх онтой харьцуулахад 10 гаруй хувиар өссөн дүнтэй байна. Мөн “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн №1-2 дугаар, Монгол улсын хүчин төгөлдөр хуулийн эмхтгэл 4 ботийн 2 дахь нэмэлт, өөрчлөлтийг эрхлэн гаргаж захиалагч нарт түгээж байна. Хууль зүйн албаны 100 жил, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүссэний 100 жилийн ойд зориулсан түүхэн сэдэвтэй цуврал материалыг “Хууль зүйн мэдээ” сонин, “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд тогтмол нийтэлсэн. “Хууль дээдлэх ёс сэтгүүл”-ийн 2010 он хүртэлх дугаарыг цахим хувилбарт оруулан www.legalinstitute.mn, www.legalinfo.mn сайтад байршуулсан.

Мөн “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн анхны англи хэл дээрх дугаар “Mongolian Law Review” сэтгүүлийг эрхлэн гаргасан бөгөөд Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог гадаад улсуудад сурталчлан таниулах зорилгоор салбарын эрдэмтэн, судлаачдын нийтлэл, өгүүлэл, судалгааны ажил, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний секторуудын судалгааны тайлан зэргийг нийтэлсэн.

Хууль зүйн лавлах 19-82 тусгай дугаарт хандсан болон биечлэн ирсэн 382 иргэнд хууль зүйн анхан шатны туслалцаа зөвлөгөөг өгч, хууль, эрх зүйн мэдээ, мэдээлэл болон Хууль зүйн үндэсний хүрээлнгийн үйл ажиллагааг өдөр тутмын сонин, телевизд ярилцлага, мэдээ өгч ажилласан. Тайлангийн хугацаанд хүрээлэнгийн Хэвлэх үйлдвэрт 57 нэр төрлийн 33815 ширхэг хэвлэлийн бүтээгдэхүүн хэвлэсэн байна.

“Есөн туг” телестудийн техникийн шинэчлэлийг Дэлхийн банкны санхүүжилтээр хийж “Хуулийн цаг”, “Эрх зүйн хөтөч” телевизийн нэвтрүүлэгт мэдээ, сурвалжлага бэлтгэн олон нийтэд хүргэсэн байна. 2011 оны хагас жилийн байдлаар олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн болон сургалтын чиглэлээр нийт 365 минутын бичлэг хийж архивын санд оруулаад байна.

ХЗҮХ-ийн Номын сангийн фондыг баяжуулахад анхаарч ажилласан. Гадаад, дотоодын 74 нэр төрлийн 409 ширхэг номоор сангаа баяжуулж, номын сагийн дүрэм, танилцуулгыг шинэчилж, цахим сүлжээнд хамрагдан ажиллаж байна. Энэ хугацаанд 5094 иргэд оюутнууд номын сангаар үйлчлүүлсэн байна.

ХЗҮХ-ийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган нийт 5О гаруй компьютерийг нэгжүүдэд шинээр байршуулсан.

Эрх зүйн сурталчилгааны ажлын хүртээмж, чанарыг дээшлүүлэх чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 67 дугаар тушаалаар батлагдсан “Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тус хүрээлэн нийт 52 арга хэмжээг ХЗДХЯ, харъяа агентлаг, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр тусгагдсаны дагуу хамтран ажиллаж байна. Тухайлбал, хүрээлэнгийн “Есөн туг” телестуди нь иргэдэд чиглэлсэн эрх зүйн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн мэдээллийн буланг хариуцаж 14 хоног тутамд 5-8 минутын салбарын хэмжээний чухал үйл явдал, мэдээллийг бэлтгэн явуулж байна. “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн мэдээллийн буланд 28 мэдээллийг багцалж 5 дугаар бэлтгэж МҮОНТ-ээр нэвтрүүлсэн.

Түүнчлэн эрх зүйн мэдээлэл сурталчилгааны чиглэлээр гадаад улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тус хүрээлэн нь 2005 оноос Азийн Эрх Зүйн Мэдээллийн Нэгдсэн Сүлжээ /АЭЗМНС/-ний гишүүн байгууллагаар элсэн орсон бөгөөд жил бүр АЭЗМНС-ний олон улсын онол арга зүйн бага хуралд оролцдог. АЭЗМНС-ний гишүүн бөгөөд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болох БНСУ-ын “Хууль тогтоомжийн судалгааны төв”-тэй байнгын харилцаатай ажиллаж байна. Тухайлбал, БНСУ-ын хүчин төгөлдөр хуулиуд болон тэдгээрийн нэмэлт, өөрчлөлтийг тогтмол солилцож ажиллаж байна.

ГУРАВ. СУРГАЛТ

2011 оны эхний хагас жилийн хуульчийн үргэлжилсэн сургалт төлөвлөгөөний дагуу явагдсан ба нийт 64 удаагийн 400 цагийн 900 гаруй хүн хамрагдсан сургалт зохион байгуулсан байна. Энэ хугацаанд гурван сургалт анги дүүргэлтгүйн улмаас хойшлогдсон ч нөхөж зохион байгуулсан.

2010 онд багц цагаа хангаагүй 0 багц цагтай байгаа 1750 хуульчийн судалгааг гаргаж Хуульчдыг сонгон шалгаруулах Орон тооны бус зөвлөлөөр асуудлыг хэлэлцүүлсэн.

Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийг хүчингүй болгосонтой холбоотойгоор тэдгээр хуульчдын гэрчилгээг шууд хүчингүй болгох боломжгүй болсон учир хуульчийн үргэлжилсэн сургалт явуулах журмыг боловсронгуй болгох, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулахаар тогтсон. Үүний дагуу тус хүрээлэнгээс 200 гаруй хуульчдын дунд анкетаар болон ярилцлагын аргаар судалгаа хийсний үндсэн дээр Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулах санал боловсруулж ХСШОТБЗ-н 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралд танилцуулж, бичгээр саналаа өгсөн.

Мөн сургалтын багц цаг хангах, сургалтын сэдвийн сонголтын асуудлаар хуульчийн үргэлжилсэн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал бэлтгэж ХСШОТБЗ-н хуралд танилцуулж, бичгээр саналаа өгсөн.

Сургалтын дэд хорооны хурлыг 2 удаа зохион байгуулж бүрэлдэхүүнээ шинэчлэн баталж цаашид хийх ажлын төлөвлөгөөг батлав.

2010 онд Хуульчдын кредит цагийг дүгнэсэнтэй холбогдуулан ХЗДХЯ-тай хамтран багц хангаагүй хуульчдын дэлэгрэнгүй судалгааг гаргасан ба тэдэнд зориулсан нийтлэг чиглэлийн 4 удаагийн 24 цагийн 18 багц цаг хангах сургалт зохион байгуулж, сургалтанд хамрагдсан хуульчдын мэдээллийг мэдээллийн санд оруулсан. Одоогийн байдлаар 2000 гаруй хуульч багц цагаа хангаж багц цагийн дэвтрээ авсан байна.

Хуульчийн үргэлжилсэн сургалтаас гадна албан хаагчдыг ажлын байрнаас хөндийрөлгүй мэдлэг, мэргэшлээ дээшлүүлэхэд нь анхаарч 10 удаагийн 20 цагийн сургалт дотоод сургалт буюу ажлын байран дээрх сургалтыг “Шинжлэх ухааны түүхчлэх аргыг судалгаанд ашиглах, судалгааны бусад аргууд”, “Илтгэх урлаг”, “Хичээл заах арга зүй” зэрэг сэдвээр, компьютер, англи хэлний цуврал сургалтыг тус тус зохион байгуулсан байна.

“Шүүхийн шинжилгээ”, “Хүн худалдаалах гэмт хэрэг” сургалтын гарын авлагыг Азийн сантай хамтран эрхлэн гаргасан. 2011 оны хуульчдын сонгон шалгаруулалтад бэлтгэж “Хуульчийн сорилгын хураамж” номыг шинэчлэх ажлыг хийж эрхлэн гаргасан. НҮБ-ын UNESCO-той хамтран “Хүүхдийн эрх чөлөөний өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдэвт гарын авлага боловсруулсан ба үүний дагуу сургалт зохион байгуулна. Сургалтын гарын авлагын судалгааг гаргасан ба энэ жил шинэчлэн хэвлэх шаардлагагүй гэж үзсэн.

2011 оны 8 дугаар сарын 13,14-ны өдрүүдэд Хуульчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар бүртгэлийн ажлыг эрхлэн гүйцэтгэж холбогдох бусад бэлтгэл ажлууд хийгдэж байна. Хуульчдын сонгон шалгаруулалтанд бэлтгэх “Бодлого бодох аргачлал” сургалтыг 7, 8 дугаар сард нийт 3 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн.

Орон нутаг дахь хуульчдын бүсчилсэн сургалтыг 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж эхэлсэн.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

Төрөл: Ил тод байдал, Үйл ажиллагааны тайлан