2019-10-16 08:44
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2011 оны үйл ажиллагааны тайлан

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Үндэсний эрх чөлөөөний хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсад хууль зүй, дотоод хэргийн алба байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж зохион байгуулах ажлын 2011 оны төлөвлөгөө, Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор баталсан байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах шалгуур үзүүлэлт, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн 2011-2012 оны төлөвлөгөө болон Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөр, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2011 оны төлөвлөгөө болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Стратеги хөтөлбөрийн хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2011 оны үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаа.

1. Эрдэм шинжилгээ, судалгаа

2. Мэдээлэл, сурталчилгаа

3. Сургалт

4. Захиргаа, аж ахуй

НЭГ. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА

2011 онд тус хүрээлэн нь нийт 28 эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 22 дугаар тушаалын дагуу тус яамнаас боловсруулж буй дор дурдсан сэдэв бүхий 16 хуулийн төсөлтэй холбогдох судалгааны ажлыг баталсан удирдамжийн дагуу хийж, шинжлэх ухааны үндэстэй, тодорхой санал дүгнэлт бүхий тайлан гаргаж ХЗДХЯ-нд тогтоосон хугацаанд хүргүүлсэн.

Судалгааны ажлуудын нэрсийг авч үзвэл:

  1. “Хөрөнгийн зах зээл дэх Үнэт цаасны арилжаатай холбоотой хэлцлүүд” “Даатгалын эрх зүй”
  2. “Дампуурлын тухай хуулийн хэрэгжилт, төлөв байдал, тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах арга зам”
  3. “Арбитрын тухай хуулийн хэрэгжилт, хүндрэл бэрхшээл эрх зүйн орчныг сайжруулах арга зам”
  4. “Хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь”
  5. “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа үзүүлж буй өнөөгийн байдал, эрх зүйн орчныг сайжруулах арга зам”
  6. “Шүүхийн болон шүүхийн өмнөх шатанд эвлэрэл, зуучлалын эрх зүйн харилцааг зохицуулах хэрэгцээ, шаардлага”
  7. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох арга зам”
  8. “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах газрын эрх зүйн зохицуулалт, түүний практик”
  9. “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэж буй байдал”

10. “Төрийн бус байгууллагын санхүүгийн орчны эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа”

11. “Монголын иргэний нийгэм болон ТББ-ын төлөвшлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

12. “Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэхэд төрөөс тавих хяналт, хягаарлалтын боломж, харьцуулсан судалгаа /бусад орнуудын эрх зүйн зохицуулалт/”

13. “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт, эрх зүйн орчныг сайжруулах арга зам”

14. “МУ-ын хилийн тухай хуулийн хэрэгжилт, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах нь”

15. “Мэдээллийн Монцамэ агентлагийн өнөөгийн байдал, түүний эрх зүйн байдлыг тодорхойлох нь”

16. “Захиргааны үйл ажиллагааны нийтлэг харилцааг зохицуулах хэрэгцээ, шаардлага”

17. Алагчлахгүй байх тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн зохицуулалт ба МУ-ын хуулийн уялдаа холбоо, хэрэгжилтийн судалгаа

18. “Харъяатын тухай хуулийн хэрэгжилт, бусад орны туршлага” сэдвээр судлах

19. Эрдэс баялгийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт

20. “Монголын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт”

21. “Эрүүгийн хуулийн XXIII бүлгийн 202,204-207,214,2141 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн онолын болон криминологи судалгаа”

22. “Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах арга зам”

23. “Өршөөл үзүүлэх тухай УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх /биелүүлэх/ журмын талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга зам”

24. “Монгол Улсын криминологи” /Он дамжин хийгдэнэ/

25. “Төрийн эрүүгийн бодлого ба гэмт хэрэгт тооцох, эс тооцох тухай асуудал” /Он дамжин хийгдэнэ/

26. “Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжийн түүхэн уламжлал”

27. “Сонгуулийн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудал”

28. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх эрхийн хэрэгжилт мониторинг, үнэлгээний судалгаа”

Он дамжин хийх судалгааны хувьд явцын тайлан гаргаж, бусад судалгааны ажлуудыг бүрэн дуусч тайланг захиалагчид хүргүүлсэн. Судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Судалгаа тус бүрийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг илрүүлж, санал зөвлөмж боловсруулж, судалгааны ажлыг хийх явцад болон дууссаны дараа холбогдох байгууллага, албан тушаалтныг оролцуулан нийт 12 удаа эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж, ном, гарын авлага гаргаж, Хууль дээдлэх ёс”, “Монголын төр эрх зүй”, “Гэмт явдалтай тэмцэх асуудал”, “Монцамэ мэдээ” зэрэг эрдэм шинжилгээний сэтгүүл, бусад сонинд 30 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх, байгууллагын цахим хуудас www.legalinstitute.mn–т байршуулах замаар олон нийтэд хүргэн танилцуулж ажилласан байна.

Түүнчлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр гадаад улсын байгууллагуудтай хамтран ажилласан. ОХУ-ын Хууль зүйн яамны харъяа Оросын эрх зүйн академитай хамтран ажиллах хэлэлцээр байгуулж эрдэм шинжилгээний болон сургалтын төслүүдийг хэрэгжүүлэх, дэлхийн хэмжээний ач холбогдол бүхий сэдвээр хамтран эрдэм шинжилгээний бага хурал, семпозиум болон семинар зохион байгуулах, багш, судлаачдын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий солилцоог явуулах, эрх зүйн мэдээлэл болон судалгааны бусад баримт бичиг солилцох зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон.

Буриадын Их сургууль, ОХУ-ын Владивостокийн Эдийн засаг, Үйлчилгээний Улсын их сургуультай эрх зүйн тодорхой салбарт хамтран судалгаа хийж, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах зэргээр хамтран ажилласан. Тухайлбал, энэ оны нэгдүгээр улиралд “Экологийн эрх зүй: Монгол ба Буриадын усны гадаргуу, тулгамдсан асуудал” сэдэвт дугуй ширээнийй уулзалтыг Монгол Улсад зохион байгуулсан. Уг уулзалт ярилцлагад ОХУ-ын Буриад улсын эрдэс баялгийн яамны Сайд Ангаев Баир Дугарович, ОХУ-ын Буриад улсын ашигт малтмалын удирдах газрын дарга Яловик Георгий Айратович болон бусад төлөөлөгч нар оролцов. Энэхүү уулзалтаар хоёр улсын нутаг дэвсгэрт буй усны гадаргуун талаарх тулгамдсан асуудлаар ярилцлага өрнүүлж, мэдээлэл, санал солилцсон.

ХЗҮХ-гийн судалгааны секторын эрхлэгч нар 2011 оны 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулсан ОХУ-ын Дээд шүүх болон ОХУ-ын Арбитрын Дээд шүүхийн харьяа Оросын Шүүх эрх мэдлийн Академийн Дорно Сибирийн салбарын олон улсын эрдэм шинжилгээ, практикийн бага хуралд оролцсон. “ОХУ болон Ази, номхон далайн бүсийн улс орнуудын шүүхийн тогтолцооны хөгжил: түүх, өнөөгийн нөхцөл байдал, хандлага ба цаашдын хөгжил” сэдвээр зохион байгуулагдсан тус хуралд ХЗҮХ-ийн оролцогч нар илтгэл хэлэлцүүлэн амжилттай оролцсон болно. Хурал нь бүгд хуралдаан, салбар хуралдаан болон дугуй ширээний уулзалт гэсэн хэлбэрээр 2 өдөр зохион байгуулагдаж үүнд нийт 105 илтгэгч нар илтгэлээ хэлэлцүүлсэн. Тус хүрээлэнгийн Эрүүгийн эрхзүй, криминологийн секторын эрхлэгч Ж.Энхнасан Шүүх эрх мэдлийн Академийн Ректор, хууль зүйн ухааны доктор, профессор, ОХУ-ын Гавъяат хуульч, ОХУ-ын Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн Ершовалентин Валентинович болон Академийн сургалт, хүмүүжлийн ажил хариуцсан Проректор, хууль зүйн ухааны доктор, профессор, ОХУ-ын гавъяат хуульч Никитин Сергей Васильевич нартай уулзалт зохион байгуулж, хоёр байгууллагын хоорондын хамтарсан үйл ажиллагааны цаашдын чиг хандлага, тус Академиас зохион байгуулдаг шүүгч, өмгөөлөгч, нотариатчдад зориулсан сургалтын талаар тус тус хэлэлцэн тохиролцож тус хүрээлэн нь ОХУ-ын Арбитрын Дээд шүүхийн харьяа Оросын Шүүх эрх мэдлийн Академтай хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.

Мөн 2011 оны 8 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд Япон улсад болсон Олон Улсын Криминологийн 16 дахь удаагийн хуралд тус хүрээлэнгээс “Монгол Улс дахь компанийн гэмт хэрэг” сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцсон. Энэхүү хуралд 66 орны 1300 орчим төлөөлөгч оролцож тус хүрээлэн Олон Улсын Криминологийн холбоонд гишүүнээр элссэн. Тус холбооны нарийн бичгийн дарга доктор, профессор Стеван Парментэр цаашид болох арга хэмжээнд идэвхтэй оролцох санал тавьж, гэмт хэрэг судлалын салбарт хамтран ажиллахаа мэдэгдсэн. Хууль зүйн үндэсний хүрээлэн Дэлхийн Криминологийн 16 удаагийн Их хурлын явц, үр дүн болон гишүүн байгууллагаар элссэн талаар өдөр тутмын сонингуудад мэдээлэл нийтлүүлсэн.

Япон улсын Кобэ хотод 2011 оны 8 дугаар сарын 5-аас 9-ны хооронд зохион байгуулагдсан Дэлхийн олон улсын Криминологийн 16-р Их хуралд тус хүрээлэнгийн захирал Д.Батжаргал, Эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд, Б.Одонгэрэл нар оролцлоо. Энэхүү хурал нь “Глобал нийгэм эдийн засгийн хямрал болон гэмт хэргийн хяналтын бодлого: бүс нутгийн болон үндэсний хүрээн дэх харьцуулалт” гэсэн ерөнхий сэдвийн дор Дэлхийн эдийн засгийн хямрал ба криминологи; Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх стратеги; Корпорацийн болон бизнесийн гэмт хэрэг; Клиникийн криминологи гэсэн дөрвөн дэд бүлэг, 120 салбар хуралдаануудад хуваагдан эрдэм шинжилгээ судалгааны ажлын танилцуулга, гадаадын зарим орны криминологийн эрдэмтэн судлаачдын өргөн хэмжээний илтгэл, хэлэлцүүлгийг 4 өдрийн турш явуулж харилцан санал солилцов. Хуралд гадаадын 66 орны 1300 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол Улсаас анх удаа Хууль Зүйн Зүйн Үндэсний хүрээлэнгийн төлөөлөл оролцож Олон Улсын Криминологийн холбоонд гишүүнээр элссэн болно. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга доктор, профессор Stephan Parmentier өөрийн биеэр баяр хүргэж, цаашид болох арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцохыг санал болгож, гэмт хэрэг судлалын салбарт хамтран ажиллах боломжтой талаар мэдэгдсэн. Япон Улсын Кьюшүгийн Их сургуулийн магистрантурт сурч байсан /одоо төгсөөд ажилдаа орсон/ тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Одонгэрэл нь “Монгол Улс дахь компанийн гэмт хэрэг “ сэдвээр судалгааны илтгэл хэлэлцүүлж, гадны эрдэмтдийн асуултад хариулж, хэлэлцүүлэг үр дүнтэй явагдлаа. Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн нь АНУ-ын Криминологийн холбоо, Япон Улсын Криминологийн Нийгэмлэг болон Австрали, Польш, Унгар, Тайланд, Тайван, БНХАУ, Канад, Англи Улсын криминологич, эрдэмтэн, судлаач, докторуудтай биечлэн уулзаж, холбоо тогтоон эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд цаашид хамтран ажиллах талаар урьдчилан ярилцаж тохирсон байна. Криминологич эрдэмтэн судлаачид, бусад орны байгууллагуудаас дараа дараагийн үйл ажиллагаа тухайлбал 2012 онд Тайван Улсын Тайпэй хотноо зохиогдох Азийн Криминологийн Холбооны 3 дугаар чуулган, Мексик Улсын Монтеррей хотноо зохиогдох Олон Улсын Криминологийн Холбооны 17 дугаар Дэлхийн Их хуралд оролцохыг албан ёсоор урьсан болно.

ОХУ-ын Владивосток хотод 2011 оны 10 дугаар сарын 5-6-нд ОХУ-ын Хууль зүйн яамнаас зохион байгуулах “Даяаршлын үед үндэсний хууль эрх зүйн хөгжил: ОХУ болон Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын туршлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд тус хүрээлэнгийн ОУЭЗС-ын эрхлэгч Ж.Соёлмаа, ЭЭЗКС-ын эрдэм шинжилгээний ажилтан Д.Сумъяацэрэн нар илтгэл хэлэлцүүлэн оролцож бусад улстай туршлага хуваалцан санал солилцлоо.

ХОЁР. МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА

1. ЭЗМНС-ийг өргөжүүлэн хөгжүүлэх, програм хангамжийг шинэчлэх, ЭЗМНС-ийн сүлжээ, серверийн аюулгүй ажиллагааг сайжруулах талаар холбогдох судалгаа хийж санал боловсруулан танилцуулах зорилтын хүрээнд:

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн шинэчлэл, програмыг сайжруулахаар ХЗДХЯ-ны мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний газар, Дэлхийн банкны Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төсөлтэй хамтран ажилласан. Үүнд 2 удаа тендер зарласан бөгөөд компаниудын саналыг хүлээн авч ажил хэрэгжүүлэх компанийг шалгаруулсан. Шалгаруулалт бүрд техникийн даалгавар боловсруулах, техникийн тулгамдаж буй асуудал, програмын алдааны тухай мэдээлэл бэлтгэж, техникийн шийдлүүдтэй танилцах зэрэг ажлуудыг хийсэн. Програмын сайжруулалт хийгдсэнээр иргэд олон нийт эрх зүйн мэдээ, мэдээллийг хурдан шуурхай хүлээн авах бололцоо бүрдэх юм. Төлөвлөгөөний дагуу 2012 оны эхээр эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн шинэчлэлийг эрхлэн гүйцэтгэнэ.

Сайтын хандалтыг тогтмол өсгөхийн тулд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн www.legalinfo.mn сайтын шинэ мэдээ буланд эрх зүйн холбогдолтой мэдээ, мэдээлэл буюу хуульчийн сонгон шалгаруулалт, өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруулалтын зар, хуульчийн үргэлжилсэн сургалтын сар бүрийн хуваарь зэрэг цаг үеийн, өдөр тутмын 160 гаруй мэдээ мэдээлийг тогтмол шинэчлэн хөтөлсөн. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд www.legalinfo.mn 2011 онд 885 087 удаагийн хандалт хийгдсэн нь өмнөх жилийн хандалтын тоотой харьцуулахад 55,45 хувиар өссөн дүнтэй байна.

2. Нэгдсэн ангиллын дагуу Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын 4 ботийн шинэчлэлийг эрхлэн гаргах зорилтын хүрээнд: Монгол Улсын хүчин төгөлдөр хуулийн эмхтгэл 4 ботийн 2 дахь удаагийн өөрчлөлтийн багц хэвлэгдсэн. Сурталчилгааны ажил хийж ажилласан. Тухайлбал, 21 аймгийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн шүүхийн тамгын газар, Гаалийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар гэх мэт төрийн байгууллагууд болон холбогдох бусад байгууллагууд руу өөрчлөлтийн багцын захиалга авах тухай албан бичиг хүргүүлж, худалдан борлуулах, сурталчлах ажил хийсэн.

Энэхүү 4 ботийн 3 дахь удаагийн шинэчлэлтийг эрхлэн гүйцэтгэв. Шинээр болон шинэчлэн батлагдсан 14 хууль, нэмэлт, өөрчлөлт орсон 89 хууль, олон улсын гэрээ, хэлэлцээр, пакт, конвенци баталсан 12 хууль, хүчингүй болгосон 2 хууль зэрэг өөрчлөлтүүдийг оруулсан. Цаашид хууль тогтоомжийг тухай бүр шуурхай хэвлэн гаргах үүднээс УИХ-ын хавар, намрын чуулган дуусах үед шинэчлэлтийг хийж байхаар болсон.

3. Студийн зориулалтын бүх техникийг иж бүрэн шинэчлэх зорилтын хүрээнд: Эрх зүйн сурталчилгаа, мэдээллийн ажлыг зохион байгуулахад иргэд, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон олон нийтийн төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх тэдгээртэй хамтран ажиллахад саадгүй байх үүднээс ХЗҮХ-ийн “Есөн туг” телестудийн техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулсан. Үүнд: Камер 2 ш, хальс уншигч 1ш, компьютер 2 ш, зайны энгэрийн микрофон 1 ш, Телевиз 1 ш нийт 30.943.050 үнэ бүхий HDV системийн техникээр шинэчлэн тоноглосон.

4. Эрх зүйн мэдээллийн 1982 лавлахыг түшиглэн мессеж-хөтөч /m-hutuch/ үйлчилгээг шинээр нэвтрүүлэх зорилтын хүрээнд: M-hutuch үйлчилгээг нэвтрүүлэх талаар судалгаа хийсэн. M-hutuch үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд тохирсон програм хангамж, sms дугаар, сервер бүхий компьютер шаардлагатай. Энэхүү үйлчилгээнд тохирсон програмыг хийж гүйцэтгэх компаниудыг судалсан. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд хуулийн зөвлөгөөг цаг алдалгүй, чирэгдэл дараалалгүйгээр авах боломжтой болно. Зөвлөгөө хүссэн иргэн өөрийн асуултыг 15хххх тусгай дугаарт sms хэлбэрээр илгээхэд тодорхой хугацааны дараа асуусан асуултын хариулт тухайн иргэнд sms хэлбэрээр очих болно.

15хххх тусгай дугаарыг аль ч үүрэн телефоны оператораас авах бүрэн боломжтой ба холбогдох өртгийн тооцоог гаргасан болно. Мессеж хөтчийн ажиллах зарчим, үйл ажиллагааны талаар судалгаа хийсэн.

Тусгай дугаарт мессеж бичин эрх зүйн мэдээлэл хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлэх үүднээс Монгол Контент ХХК-ны менежер, инженерүүдтэй удаа дараа уулзалт хийсэн. Монгол Контент ХХК-ийн Мобимедиа үйлчилгээгээр эрх зүйн богино мэдээлэл түгээх асуудлаар гэрээний 2 дахь удаагийн төслийг боловсруулж, төлбөрийн нэхэмжлэл зэргийг холбогдох байгууллагаас авч ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газарт танилцуулахаар хүргүүлсэн. Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Т.Алтангэрэлтэй тус хүрээлэнгийн Компьютерийн төвийн эрхлэгч Б.Даваажав, мэргэжилтэн Ч.Батзориг нар уулзаж мессеж-хөтчийн талаарх мэдээ мэдээлэл, гэрээний нөхцөл болон төлбөрийн талаар танилцуулсан. Энэ ажлыг Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд ХЗДХЯ, болон Дэлхийн банкны Хууль зүйн үйлчилгээг сайжруулах төслөөс 2011 оны 12 дугаар сард санхүүжилтийг шийдвэрлэсэн ба 2012 оны 1 дүгээр сараас эхлэн энэ үйлчилгээг эхлүүлэх, сурталчлан таниулах ажлуудыг хийнэ.

Хүрээлэнгийн ажилтнууд хуваарийн дагуу биечлэн болон 19-82 тусгай дугаарын утсаар иргэдэд хууль зүйн анхан шатны үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажилласан. Жилийн турш нийт 1060 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгсөн байна.

5. Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтын хүрээнд: Эрх зүйн сурталчилгааны ажлын хүртээмж, чанарыг дээшлүүлэх чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 67 дугаар тушаалаар батлагдсан “Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тус хүрээлэн нь ХЗДХЯ, харъяа агентлаг, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр тусгагдсаны дагуу хамтран ажилласан. Тухайлбал, хүрээлэнгийн “Есөн туг” телестуди нь иргэдэд чиглэсэн эрх зүйн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн мэдээллийн буланг хариуцаж 14 хоног тутамд 5-8 минутын салбарын хэмжээний чухал үйл явдал, мэдээллийг бэлтгэн явуулж байна. “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн мэдээллийн буланд 28 мэдээллийг багцалж 5 дугаар бэлтгэж МҮОНТ-ээр нэвтрүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн тус хүрээлэнд холбоотой заалтын биелэлтийн тайланг тусад нь гаргаж хавсаргав.

6. Сонин, сэтгүүлийн редакци

“Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийг захиалах талаар аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газраар дамжуулан засаг захиргааны анхан, дунд шатны нэгж, байгууллага бүрээр захиалуулах арга хэмжээг үргэлжлүүлэх зорилтын хүрээнд:

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 220 дугаар тушаалаар “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн сан эрхлэн хөтлөх журам”-ыг баталсан ба уг журмын 5.3-т “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийг 10 хоногт нэг удаа, жилд 36 дугаар эрхлэн гаргахаар заасан.

“Хууль зүйн мэдээлэл” эмхтгэл түгээхэд “Монгол шуудан”, “UB post”, “Түгээмэл шуурхай” шуудангийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллалаа. 2011 онд эмхтгэлийн №1-39 дугааруудын графикийн дагуу эрхлэн гаргасан ба нийт 48 нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг хэвлэн түгээсэн байна. 2011 онд нийт 25296 ширхэг эмхтгэлийг түгээсэн байна. ХЗДХЯаманд “Хууль зүйн мэдээлэл” эмхтгэлийн 2009, 2010, 2011 оны дугааруудыг хяналтын хувь болгон шилжүүлсэн.

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2011 онд №1-4 эрхлэн гарсан. Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог улам боловсронгуй болгож, шинжлэх ухааны онол, практикийн хувьд гүнзгийрүүлэн, хууль зүйн судалгаа шинжилгээний ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд тус хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сэтгүүлийн ерөнхий зөвлөл, шинжээч эрдэмтдийн зөвлөл, хянан тохиолдуулах зөвлөл гэсэн бүтэцтэйгээр шинэчлэн байгуулсан.

Сэтгүүлийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, УДШ-ийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, МУ-ын Ерөнхий сайдын Хуулийн зөвлөх, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөний газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга зэрэг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллага болон хууль зүйн сургалтын байгууллагын төлөөлөх албан тушаалтнуудаас нэг бүрчлэн биечлэн уулзаж санал танилцуулж зөвшилцсөнөөр, мөн шинжээч эрдэмтдийн зөвлөлийг Хууль зүйн шинжлэх ухааны докторуудаас нэг бүрчлэн санал авч зөвшилцсөнөөр сэтгүүлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн боловсруулж ХЗҮХ-ийн захирлын 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А-11 дугаар тушаалаар баталсан. Ингэснээр сэтгүүлийн нийтлэлийн бодлого сайжирч, нийтлэл, материалын агуулга, цар хүрээ, үйл ажиллагааг улам сайжруулах өргөн бүрэлдэхүүнтэй болж чадсан. 2012 оноос эхлэн дугаарын гаралтын тоог нэмэгдүүлж жилд дөрвөн дугаар /№1-4/ гардаг байсныг зургаан дугаар /№1-6/ эрхлэн гаргахаар шийдвэрлэсэн ба 2011 онд сэтгүүлийн үйл ажиллагааг өргөжүүлэх томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн.

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн тусгай дугаар “Mongolian Law Review” сэтгүүлийг англи хэл дээр анх удаа хэвлэн гаргах зорилтын хүрээнд: Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн анхны англи хэл дээрх дугаар “Mongolian Law Review” сэтгүүлийг эрхлэн гаргасан бөгөөд Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог гадаад улсуудад сурталчлан таниулах зорилгоор салбарын эрдэмтэн, судлаачдын нийтлэл, өгүүлэл, судалгааны ажил, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний секторуудын судалгааны тайлан зэргийг нийтэлсэн.

Тус хүрээлэнгээс эрхлэн гаргадаг хууль зүйн салбарын цаг үеийн мэдээ, мэдээллийг нийтэлдэг “Хууль зүйн мэдээ” сонины нийтлэлийн бодлого, үр нөлөөг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөх зорилгоор холбогдох байгууллагуудтай зөвшилцөж, тэдгээрийн олон нийттэй харилцах ажилтнуудын бүрэлдэхүүнтэй сонины зөвлөлийг ХЗҮХ-ийн захирлын 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А-12 дугаар тушаалаар баталсан. Сонины зөвлөлд Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон Архивын ерөнхий газрын хэвлэл мэдээллийн буюу олон нийттэй харилцах ажилтнуудыг оруулж хамтран ажиллаж байна. “Хууль зүйн мэдээ” сонинг графикийн дагуу 2011 онд №1-24 дугаар эрхлэн гаргасан.

Түүнчлэн хууль сахиулах байгууллагууд /ШШГЕГ, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс гэх мэт/ болон салбарын бусад байгууллагуудтай тухайн салбарын үйл ажиллагаа, цаг үеийн мэдээ мэдээлэл солилцох, ярилцлага, сурвалжлага хийж ажиллахаар тохиролцсоны дагуу хамтран ажилласан.

Хууль зүй, дотоод хэргийн албаны 100 жилийн ойтой холбоотой зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурал, хүндэтгэлийн хурал, урлаг, спортын наадам, номын нээлт зэрэг үйл ажиллагааны талаар сонин, сэтгүүлд тогтмол мэдээ, мэдээлэл бэлтгэж нийтэлсэн.

7. Хууль зүйн номын сан:

Нийт номын сангаар нийт 9927 иргэд, оюутнууд уншигчдад 13000 гаруй ширхэг ном болон сонин сэтгүүл олгож үйлчилгээ үзүүлсэн.

2011 онд 668 нэр төрлийн 972 ширхэг гадаад дотоодын ном шинээр худалдан авч номын сангийн фонтыг баяжуулсан. Мөн Номын сангийн дүрмийг шинээр батлуулж номын сангийн үнэмлэхийг интернетийн эрхтэйгээр нээдэг болсон нь уншигчдын таалалд нийцсэн.

Нийт 247 иргэнд уншигчийн үнэмлэхний эрхийг 1 жил хугацаатай шинээр нээсэн. Нийт 299 уншигчид үнэмлэхний эрхийг 1 жилийн хугацаатай сунгалт хийсэн. Номын сангийн хувилах үйлчилгээнд ном болон хууль зүйн сэтгүүлүүдээс нийт 4683 хуудас материал хувилсан. www.legalinfo.mn сайтаас нийт 2130 хуудас хууль тогтоомж, УИХ, ЗГ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, сайдын тушаал хэвлэж лавлагаа өгсөн.

2011 оны номын тооллогыг хийж гүйцэтгэсэн. Үүнд монгол орос англи хэл дээр нийт 10,500 гаруй ном тоологдсон.

Эрдэм шинжилгээний Номын сан болох зорилготойгоор тус байгууллагын эрдэм шинжилгээний секторуудын хийсэн нийт 45 ширхэг судалгааны тайланг хүлээн авч уншлагад оруулсан. Жагсаалтыг санамж өгөх ном зүй хэлбэрээр гаргасан. Хууль зүйн холбогдолтой нийт 8 нэр төрлийн сэтгүүлийн санамж өгөх ном зүйг шинэчлэн гаргасан.

Олон нийтийн үйл ажиллагаа буюу өдөрлөг, хурал, семинаруудын үеэр ХЗҮХ-ээс эрхлэн гаргасан ном товхимол болон сонин сэтгүүлийн үзэсгэлэн болон номын худалдааг зохион байгуулж оролцсон. Номын сангийн танилцуулгыг шинэчлэн хэвлүүлж нийтэд тараасан.

Хууль тогтоомжийн цуврал эмхтгэлийг шинээр болон шинэчлэн гаргасан. Тус хүрээлэн энэ онд нийт 102 нэр төрлийн 65675 ширхэг ном, гарын авлага, сонин, сэтгүүл хэвлэсэн байна. Түүнчлэн хуулийн www.legalinfo.mn сайтаас нийт 2000 гаруй хуудас хууль тогтоомж хэвлэж лавлагаа өгсөн.

Гадаад харилцааны чиглэлээр 2011 оны 9 сарын 28-30-ны өдрүүдэд Тайвань улсын Тайпэй хотод болсон ALIN /Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ/ хамтын ажиллагаатай гишүүн байгууллагын ээлжит уулзалт хуралд тус хүрээлэнгээс оролцож илтгэл тавьсан. Энэхүү хуралд оролцсоноор бусад гишүүн байгууллагуудтай мэдээлэл солилцох, шинэ дэвшилтэд арга барилыг нэвтрүүлэх, тулгамдсан асуудлаар зөвлөгөө, дэмжлэг авч гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг алхам болсон. Мөн Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээний веб сайтад www.legalinfo.mn сайтыг байршууллаа.

ГУРАВ. СУРГАЛТ

2011 онд хуульчийн үргэлжилсэн сургалт төлөвлөгөөний дагуу явагдсан ба нийт 217 удаагийн 1598 цагийн 4646 хүн хамрагдсан сургалт зохион байгуулсан нь зохион байгуулсан сургалтын тоо 40 хувиар өсч, харин сургалтад хамрагдсан хүний тоо 500-аар буюу 9.1 хувиар буурсан байна.

2010 онд Хуульчдын кредит цагийг дүгнэсэнтэй холбогдуулан ХЗДХЯ-тай хамтран багц хангаагүй 1750 хуульчдын дэлгэрэнгүй судалгааг гаргаж Хуульчдыг сонгон шалгаруулах Орон тооны бус зөвлөлөөр асуудлыг хэлэлцүүлсэн. Улмаар тэдэнд зориулсан нийтлэг болон мэргэших чиглэлийн нийт 57 багц цагийн нэмэлт сургалтуудыг зохион байгуулсан.

Хуульчдын үргэлжилсэн сургалтыг төлөвлөж, хэрэгжүүлэх, үнэлэхэд шүүх эрх мэдлийн байгууллагын оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын ерөнхий хорооны хурлыг 3 удаа зохион байгуулж сургалтын төлөвлөгөөг өөрчлөх, сургагч багш нарын нэрс болон хичээлийн сэдвийг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн. Хуульчийн үргэлжилсэн сургалтын журмын дагуу 12 байгууллагын сургалт магадлан итгэмжлэх хүсэлтийг авч хэлэлцэж 14 сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилж 1 сургалтын сэдвийн агуулгын хувьд тодорхой бус ойлгомжгүй байсан учир буцаасан.

“Шүүхийн шинжилгээ”, “Хүн худалдаалах гэмт хэрэг” сургалтын гарын авлагыг Азийн сантай хамтран эрхлэн гаргасан. НҮБ-ын UNESCO-той хамтран “Хүүхдийн эрх чөлөөний өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдэвт гарын авлага боловсруулсан. 2011 оны хуульчдын сонгон шалгаруулалтын “Хуульчийн сорилгын хураамж” номыг шинэчлэн гаргасан.

Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийг хүчингүй болгосонтой холбоотойгоор тэдгээр хуульчдын гэрчилгээг шууд хүчингүй болгох боломжгүй болсон учир хуульчийн үргэлжилсэн сургалт явуулах журмыг боловсронгуй болгох, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулахаар тогтсон. Үүний дагуу тус хүрээлэнгээс 200 гаруй хуульчдын дунд анкетаар болон ярилцлагын аргаар судалгаа хийсний үндсэн дээр Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж ХСШОТБЗ-н 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралд танилцуулж, бичгээр саналаа өгсөн. Мөн сургалтын багц цаг хангах, сургалтын сэдвийн сонголтын асуудлаар хуульчийн үргэлжилсэн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал бэлтгэж ХСШОТБЗ-ийн хуралд танилцуулж, бичгээр саналаа өгсөн.

Тус хүрээлэн нь хууль зүйн үргэлжилсэн сургалтын бэлтгэл ажлыг хангаж /Сургагч багштай гэрээ байгуулах, сургалтын зар тараах, оролцох хуульчдыг бүртгэх/, сургалтын явцад шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж, сургалт дууссаны дараа оролцогчдын санал хүсэлтийг асуулгаар авах, ирц бүртгэлийг шалгах, кредит цаг тооцоход шаардлагатай нотлох баримт бичгийн бүрдлийг хангах, бусад байгууллагатай /шүүх, прокурор, МӨХ, МНТ гэх мэт/ харилцах, хөдөө орон нутагт зохион байгуулах сургалтад мониторинг хийх, хуульчдын багц цагийг бүртгэх, иргэдэд зөвлөгөө өгөх, хуульчийн үргэлжилсэн сургалтын талаар хуульчдад мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг эрхлэн гүйцэтгэлээ.

2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс Хуульчийн сонгон шалгаруулалтын бүртгэлийн ажлыг зохион байгуулсан. 2011 оны 8 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд Хуульчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулхад голлох үүрэгтэй оролцож цөөнгүй ажилтнуудыг татан оролцууллаа. 2011 оны шалгалтад 884 хүн бүртгүүлсэн ба оролцогчдын 30 хувь нь шалгалтад тэнцсэн шалгалтын даалгаврыг бэлтгэх, хэвлүүлэх, нууцлалыг хамгаалах бүхий л ажлуудыг гардан гүйцэтгэлээ.

ДӨРӨВ. ЗАХИРГАА, АЖ АХУЙ

1. Төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт:

“Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд зааснаар Хууль зүйн үндэсний хүрээлэн нь 2011 онд 3 зорилтын хүрээнд нийт 20 арга хэмжээ;

“МУ-ын Эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тус хүрээлэнгээс хэрэгжүүлэх 3 зорилт;

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2011-2012 оны төлөвлөгөө”-нд тус хүрээлэнд хамааралтай нийт 2 арга хэмжээ;

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 41 дүгээр тушаалаар “Үндэсний эрх чөлөөний хувьсгал, хууль зүйн алба байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж зохион байгуулах ажлын төлөвлөгөө”-нд заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Уг төлөвлөгөөний хүрээнд 2011 онд нийт 10 зорилт болон ыг тус тус хяналтад авч 2011 оны жилийн эцсийн байдлаар эдгээр зорилтын хүрээнд төлөвлөгдсөн ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэсэн.

Мөн “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт” батлах тухай Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоол болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар даалгасан үүрэг даалгавар болон хүрээлэнгийн стратеги хөтөлбөртэй уялдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг захирлаар батлуулан биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнаж ажилласан байна.

Дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн тайланг 2011 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлын байдлаар гарган ХЗДХЯ-нд 01/144, 01/253, 01/402, 01/458 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн.

ХЗҮХ-ийн 2010 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг 2010 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 02/60 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Мөн Төсвийн ерөнхийлөн захирагч болон Ерөнхий менежерийн хооронд байгуулсан 2010 оны үр дүнгийн гэрээний гүйцэтгэлийн тайланг бэлтгэн үнэлгээ хийж, 2011 оны Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг байгуулахад бэлтгэсэн. /2010 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1/13 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн/. Ерөнхий менежерийн 2010 оны үр дүнгийн гэрээ 95 хувьтай буюу маш сайн үнэлгээ авсан.

Салбарын статистик мэдээллийн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, ашиглах журмын дагуу 2011 оны 1-12 дугаар сарын статистик мэдээллийг 01/71, 03/108, 03/154, 03/189, 03/239, 03/288, 02/372, … тоот албан бичиг болон www.statistic.mojha.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ХЗДХЯ-нд тухай бүр хүргүүлсэн.

2011 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлыг зохион байгуулж Монгол Улсын цол, одон, медалиар шагнуулах, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар шагнуулах болзол хангасан албан хаагчдын талаар хэлэлцсэн. Үүний дагуу нэр бүхий албан хаагчдын шагналын материалыг бүрдүүлж ХЗДХЯ-нд хүргүүлж тус хүрээлэнгээс Алтан гадас, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг нийт 5 албан төрийн одон медалиар шагнуулсан.

Удирдах зөвлөлийн хурлыг 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулж ХЗҮХ-ийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний 2010 оны биелэлтийг танилцуулж, Эрх зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, мэдээлэл сурталчилгааг сайжруулах талаар хэлэлцүүлсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар тушаалаар ХЗҮХ-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, 169 дүгээр тушаалаар бүтэц, орон тоог шинэчлэн батлуулсан.

2. Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллаа. Тухайлбал, Албан хаагчдыг нэгдсэн журмаар ТТАХНЭмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан.

Засгийн газрын 201 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн гэр бүлээс суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх журмын дагуу тус хүрээлэнгийн 2 албан хаагч нарын хүүхдүүдийн материалыг хүргүүлэн 2011-2012 оны хичээлийн жилд төрөөс санхүүжүүлэх хөнгөлөлтөд хамруулсан.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчдын ахуй нөхцөлийн судалгааг хийж, Хүрээлэнгийн төсвөөс төлбөрийг хариуцаж нүүрс олгох албан хаагчдын судалгааг гарган тухайн албан хаагчдад Захиргаанаас хөнгөлөлттэй үнээр “Багануур илч” ХХК-ийн нүүрсийг олгосон.

Мөн ХЗДХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас Хууль сахиулах байгууллагуудын орон сууцны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх талаар зохион байгууллалтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажиллагсад болон орон сууцны судалгааг авч хүргүүлсэн.

Албан хаагчдад хууль тогтоомжид бусад тусламж дэмжлэг үзүүлсэн.

Хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор гадаад дотоодын, урт богино хугацааны сургалтанд хамруулсан байна. Үүнд:

– ОХУ-ын Эрх Зүйн Академид тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Гүнбилэг Төр, эрх зүйн тэнхимд “Монгол Улс дахь шилжилтийн үеийн хууль тогтоомжийн хөгжил, шинэчлэл” сэдвээр докторантурт, ОУЭЗС-ийн эрхлэгч Ж.Соёлмаа Олон улсын эрх зүйн тэнхимд “Монгол Улс, ОХУ-ын Олон улсын эрх зүйн түүхэн уламжлал” сэдвээр аспирантурт, ЭША Д.Тамир “Өв залгамжлалын эрх зүй” аспирантурт тус тус элссэн болно.

– 2 албан хаагч Японы “Кюшү” Их Сургуульд 2 жил сурч магистрын зэрэг хамгаалж ирсэн. /ХЗҮХ-ийн захирлын 2009 оны 71, 72 дугаар тушаал/

– 1 албан хаагч Япон Улсын “Залуу удирдагч” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Кюшүгийн их сургуульд 1 жилийн хугацаатай сурч магистрын зэрэг хамгаалж ирсэн.

– Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн ХЗДХЯ болон ГОУХАН /giz/-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслөөс зохион байгуулдаг мониторингийн онол, арга зүй, хууль зүйн салбарын мониторингийн чиглэлээр цуврал сургалтад тухай бүр хамрагдсан.

– Хүний нөөцийн мэргэжилтэн Удирдлагын академиас зохион байгуулсан “Хүний нөөцйин сургалтын технологи” сэдэвт богино хугацааны сургалтад хамрагдсан.

– Байгууллагын нийт албан хаагчдад зориулж Шинжлэх ухааны түүхчлэх аргыг судалгаанд ашиглах нь, Илтгэх урлаг, Судалгааны бусад аргуудыг ашиглах нь, Хичээл заах арга зүй, Компьютерийн хичээл График, диаграммыг судалгаанд ашиглах, Харилцааны ёс зүй, Монгол хэлний найруулга зүй, Албан хэрэг хөтлөлт, Байгууллагад, зочин хүлээн авах ёслол хүндэтгэлийн талаар, Архивын бичиг баримт бэлдэж, эмхэтгэж цэгцлэх зэрэг сэдвээр нийт 16 удаагийн 32 цагийн ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулсан байна.

– Хууль зүйн англи хэлний сургалтанд 25 ажилтан тус тус хамрагдаж сертификат авсан байна.

“Сантис” боловсролын төвтэй хамтран нийт 15 албан хаагч англи хэлний дунд шатны сургалтыг ажлын байран дээр зохион байгуулж сертификат авсан байна.

3. Гадаад харилцаа: ОХУ-ын Хууль зүйн яамны харъяа Оросын эрх зүйн академи, ОХУ-ын Буриад улсын эрдэс баялгийн яам, Буриадын Их сургууль, ОХУ-ын Владивостокын Эдийн засаг, Үйлчилгээний Улсын их сургууль, ALIN /Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ/ болон Олон Улсын Криминологийн холбоо зэрэг гадаад улсын хамтын ажиллагаа бүхий байгууллагуудаас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, танилцах уулзалт зэрэг үйл ажиллагаанд тус хүрээлэнгээс оролцох ажлыг бусад нэгжүүдтэй хамтран зохион байгуулж ажиллалаа.

4. Байгууллагын материаллаг баазыг дээшлүүлэх, ажиллах нөхцлийг сайжруулах:

Байгууллагын хүчээр Студийн бичлэгийн өрөөг зориулалтын байдлаар тохижуулан телевизийн техник хэрэгсэлд шаардлагатай камерийн хөл, цүнх зэрэг бусад дагалдах хэрэгслийг худалдан авсан. Хүрээлэнгийн 402, 301, 304 тоот танхимуудын тоног төхөөрөмжийг шинэчлэн утасгүй микрофон, таазны чанга яригч, проёктор, зөөврийн компьютер зэргийг байршуулан ашиглалтад оруулсан. Одоо орон нутгийн сургалтын танхимуудыг хүрээлэнгийн танхимуудтай холбон зайны сургалт явуулах бэлтгэл ажлыг хийж байна.

2011 оны урсгал засварын төлөвлөгөөний дагуу барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжид урьдчилсан төлөвлөгөөт үзлэг сар бүр хийж, барилгын урсгал засварыг бүрэн хийж дуусгасан.

Мөн байгууллагын 2, 3, 4 дүгээр давхаруудад 7 таазны агааржуулалтын төхөөрөмжийг байрлуулж, 2-р давхарт өрөөний зохион байгуулалтын өөрчлөлт хийж, гэрэлтүүлгийг шинэчилж, 3-р давхарт хивс, хивсэнцэрийн машин худалдан авсан. Түүнчлэн ХЗҮХ-ийн Ж.Самбуу гуайн хөшөө орчмын гадаад талбай болон хойд талын “Хуульчдын талбай”-д мод тарьж, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг өөрсдийн нөөцөөр хийж, тогтмол арчлан хамгааллаа. Мөн хүрээлэнгийн байранд урсгал засварын ажлыг өөрсдийн нөөц бололцоогоор бүрэн хийж гүйцэтгэсэн. Мөн аж ахуйн зориулалттай БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах газрыг эзэмших гэрчилгээг авч, үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн.

5. Хэвлэх үйлдвэр:

2011 онд нийт 102 нэр төрлийн 65675 ширхэг ном, сонин, сэтгүүл хэвлэсэн байна. Үүнээс 45690 ширхэг нь хүрээлэнгээс эрхлэн гаргадаг сонин, сэтгүүл байна. Мөн нийт 40 орчим номын эх бэлтгэсэн байна. Үүнд ХЗДХЯ-ны 100 жилийн ойд зориулсан өргөмжлөл болон номын эх загварыг гаргаж агентлагуудад, тус хүрээлэнгийн хариуцсан 6 номын эхийг бэлтгэн ХЗДХЯ-нд тус тус хүргүүлэв.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

Төрөл: Ил тод байдал, Үйл ажиллагааны тайлан