2018-11-14 12:31
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн судалгааны төвийн 2015 оны iii улирлын байдлаар гүйцэтгэсэн судалгааны бүтээгдэхүүн

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хууль зүйн яамны 2015 оны үйл ажиллагааны  төлөвлөгөө болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг үндэслэн, Хууль зүйн судалгааны төвийн ажиллах журмын 5.1-т заасныг удирдлага болгож ажилласны дүнд дараах тоон үзүүлэлт бүхий бүтээгдэхүүнийг 2015 оны III улирлын байдлаар боловсруулж гаргасан байна. Үүнээс зарим ажлыг тоймловол:

Судалгаа, баримт бичгийн төсөл, санал зөвлөмж болон бусад бүтээгдэхүүн

  • Бодлогын ба бусад судалгаа-10 бүтээгдэхүүн, үүнд “Монгол Улсын олон улсын гэрээг шүүхэд хэрэглэх асуудал”/2014-2015 он/,  “ Эрх зүйн бакалаврын зэрэг олгох сургалтын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох нь”/2014-2015 он/, “Мэргэшсэн хуульч” бэлтгэх тогтолцоо-харьцуулсан судалгаа, “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдсон судалгаа”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, хууль эрх зүйн зохицуулалт”, “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үе шат” сэдэвт судалгааг гүйцэтгэсэн. “Төрийн бус байгууллагын санхүүжилт, татварын эрх зүйн зохицуулалт”/ бодлогын судалгаа/сэдэвт  судалгааны ажлын тайланг хэлбэршүүлэх, хянах шатанд ажиллаж байна. “Гадаадын иргэний эрх зүйн байдлын зарим зохицуулалт-харьцуулсан судалгаа”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, хүндрэл бэрхшээл”/захиалгат судалгаа/ “Хууль зүйн дипломын бус боловсролын тогтолцоог нэвтрүүлэх нь” сэдэвт судалгаанууд үргэлжлэн хийгдэж байна.
    • Баримт бичгийн төсөл, санал, зөвлөмж-11 бүтээгдэхүүн, тухайлбал НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 22 дугаар чуулганаар 2015 оны 5 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүдэд Женев хотноо хэлэлцэгдсэн Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний хоёрдугаар илтгэл/UPR/-ийн төсөл боловсруулах ажилд оролцсон байна. Хууль зүйн яамны албан бичгийн дагуу, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хууль тогтоомжийн төсөл боловсруулахтай холбогдох аргачлал боловсруулах ажлын хэрэгцээнд олон улсын эрх зүйн холбогдох зохицуулалт, бусад улсын адил төстэй хууль тогтоомжийн харьцуулсан судалгаа хийхэд баримтлах арга зүйн талаар мэдээлэл бэлтгэж, судлаачийн зөвлөмж хүргүүлэв.
    • Ном, гарын авлага, бусад хэвлэл -6 бүтээгдэхүүн, тухайлбал, “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2015 оны 1, 2, 3 дугаарыг цаг тухайд нь эрхлэн хэвлүүлэв; “Хууль зүйн англи хэлний орчуулгын гарын авлага – эрх зүйн баримт бичиг, худалдааны гэрээ” сэдэвт сурах бичиг боловсруулан гаргаж сургалтын эх сурвалж болгосон; Монгол Улсын хууль тогтоомжийн эмхэтгэл-IV боть /хятад хэл дээр/ номыг “Ард” өмгөөлөгчийн товчоо, Өмгөөллийн “Яашинсүлд” ХХН-тай хамтран хэвлүүлэв.
    • Илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл-16 бүтээгдэхүүн, тухайлбал, Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан “БНХАУ дахь Их засаг судлалын төлөв”, “Хүнсний аюулгүй байдлын олон улсын эрх зүйн зохицуулалт: Хүний эрхэд суурилсан хандлага”, Бодлогын судлаач Б.Одонгэрэл “Гэмт хэрэгтнийг нийгэмшүүлэх асуудал”, Бодлогын судлаач Б.Гончигсумлаа “Төрөөс улсын тусгай хэрэгцээг үндэслэн иргэний эзэмшил, өмчлөлийн газрыг нөхөх олговортойгоор солих болон эргүүлэн авах, түүний эрх зүйн зохицуулалт”, Бодлогын судлаач С.Бүжинлхам “Шүүхээс гадуурх гэмт этгээд, хохирогч хоорондын зөвшилцөл”, Бодлогын судлаач Э.Туулайхүү “Олон улсын байгууллагын эрх зүйн байдал, хүлээх хариуцлага / Олон улсын ба үндэсний эрх зүйн жишээн дээр/” сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, нийтлэл тус тус бэлтгэж “Хууль дээдлэх ёс” болон бусад сэтгүүл, эмхэтгэлд хэвлүүлсэн байна. Бодлогын судлаач Э.Уянга “Монгол Улс дахь хууль зүйн дээд боловсролын эрх зүйн зохицуулалт” сэдэвт өгүүллийг “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд нийтлүүлэхээр шилжүүлээд байна. ХБНГУ-ын  Фрайбург дахь Макс-Планкийн институтын Гадаадын болон олон улсын эрүүгийн эрх зүйн институтээс зохион байгуулж буй “Эрүүгийн ял шийтгэл, дэлхий нийтийн чиг хандлага” сэдэвт хуралд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор /Ph.D/, дэд профессор Э.Батбаяр “Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэлт” сэдвээр илтгэл, Бодлогын судлаач Б.Ундрах “Авлигын эсрэг гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
    • Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, лекц-16 бүтээгдэхүүн, тухайлбал, 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Үндсэн хуулийн цэц, ХЗҮХ, Их Засаг олон улсын их сургууль хамтран “Их засгийн эхийг эрэн сурвалжлах нь” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр  ХЗҮХ, ҮТА, МУИС-ийн ХЗС, МУИС-ийн ОУХНУС хамтран “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ба олон улсын гэрээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа. ХЗҮХ болон Макс Планкийн Гадаад болон олон улсын эрүүгийн эрх зүйн институтын хооронд байгуулсан Шинжлэх ухааны хамтын ажиллагааны суурь гэрээний хүрээнд ХБНГУ-ын Фрайбург хотод 2015 оны 10 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Герман-Монголын хамтарсан “Эрүүгийн ял шийтгэл, дэлхий нийтийн чиг хандлага”  сэдэвт хурлын бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор /Ph.D/ Э.Батбаяр “Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэлт” сэдвээр илтгэл, Бодлогын судлаач Б.Ундрах “Авлигын эсрэг гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага” сэдвээр илтгэл тавьж оролцов.
    • Сургалт, семинар-7 бүтээгдэхүүн, тухайлбал, ХЗҮХ-ээс зохион байгуулж байгаа Хууль зүйн англи хэлний орчуулгын сургалтад Бодлогын судлаач Э.Туулайхүү 05 дугаар сарын 14, 15-ны өдрүүд, 06 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд “Бизнесийн маргаан шийдвэрлэх тогтолцоо, Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй” сэдвээр, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ХЗҮХ-ээс Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулсан эрх зүйн албан бус сургалтад  Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан “Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилт: Хүний эрх” сэдвээр, Эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга “Шинээр батлагдсан хууль тогтоомжийн танилцуулга” сэдвээр сургалт тус тус хийв. 2015 оны 3 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүд, 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Хууль зүйн яам болон ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл” хамтарсан “Хуулийн хэрэгжилтийн үр нөлөө болон стандарт зардлыг тооцох” сэдэвт сургалтад хүрээлэнгийн ажилтнууд хамрагдав.
    • Номын сангийн үйл ажиллагаа-танхимын болон цахим бүтээгдэхүүн, үйлчилгээ, үүнд ном, гарын авлага уншлагын танхим, гэрээр олгох, уншигчийн эрх шинээр нээх, сунгалт хийх, шинэ номын мэдээ гаргах, мэдээллийн самбарт байрлуулах, шинэ номын үзэсгэлэн гаргах, эх сурвалж, лавлагаа гаргах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанаас гадна уншигч, зохиогч, номын сангийн эргэх холбоог сайжруулах зорилгоор “social media” -г ашиглан уншигч, судлаачдыг шинэ номын мэдээлэл, номын сангийн зарим үйлчилгээгээр хангах болон номын сангийн фондыг баяжуулах чиглэлээр анхаарч ажилласан. 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар хүрээлэнгийн номын сангийн фонт монгол хэл дээр 12000, гадаад хэл дээр 1000 орчим ном, сэтгүүлтэй болсон бол энэ оны 3 дугаар улиралд нийт  15 төрлийн 37 ширхэг ном,  сэтгүүлээр фондоо баяжуулсан. 9 дүгээр сарын 30-ны байдлаар номын сангийн facebook хуудас 11950 дагагчтай, 7 хоног бүр дагагчдын тоо 45 орчмоор нэмэгдсэн байдлаар тогтмол хандалттай байна. Номын сангийн twitter хуудас /https://twitter.com/library_HZUH/-ын  дагагчдын тоо 548-д  хүрээд байна.
    • Бусад ажил-24. Энэ ангилалд гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, орчуулгын ажил гүйцэтгэх, ажлын хэсэгт томилогдож ажиллах, хуулийн төсөл боловсруулах ажлын хэрэгцээнд  дэмжлэг үзүүлэх, санал, зөвлөмж гаргах, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, мэдээлэл, сурталчилгаа, сургалтын ажилд эх сурвалж бэлтгэх, оролцох болон хурал, хэлэлцүүлэг, хамтын ажиллагаа зохион байгуулах зэрэг бусад ажил, үйлчилгээ  багтаж байна. Тухайлбал, 2015 оны 9 дүгээр сард болсон Хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах ажилд нийт бүрэлдэхүүн оролцов.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН БОДЛОГЫН АХЛАХ СУДЛААЧ Б.ЭНХ-АМГАЛАН

Төрөл: Ил тод байдал, Үйл ажиллагааны тайлан