4089-12-16 15:13
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Энх-Амгалан Зүүн хойд Азийн орнуудын худалдаа (арилжаа)-ны хууль, эрх зүйн хамтын ажиллагааны симпозиумд илтгэл хэлэлцүүллээ

Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газрын ивээл дор тус улсын Худалдааны яам, Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо, Олон улсын худалдааг дэмжих зөвлөл болон Жилинь мужийн Ардын засгийн газраас хамтран Чанчунь хотноо 2017 оны есдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд Хятад улс болон Зүүн Хойд Азийн орнуудын 11 дэх удаагийн үзэсгэлэнг “Зүүн Хойд Азийг даяаршлын хэтийн төлвөөр авч үзэх: Энх тайван, эв нэгдэл болон зөвшилцөл, хүртээмж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэх нь” уриан дор “Инноваци, нээлттэй байдал, хүртээмжтэй байдал, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулсан байна.

Уг үзэсгэлэнгийн хүрээнд 2017 оны наймдугаар сарын 31-ний өдөр Хятад улс болон Зүүн хойд Азийн орнуудын худалдаа (арилжаа)-ны хууль, эрх зүйн хамтын ажиллагааг дэмжих, бэхжүүлэх зорилгоор “Бүс нутгийн хамтын ажиллагаан дахь худалдаа (арилжаа)-ны хууль, эрх зүйн үйлчилгээ ба маргаан шийдвэрлэлт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдсан бөгөөд хуралд урилгаар нийт 11 оролцогч илтгэл хэлэлцүүлсний дотор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Энх-Амгалан “Монгол Улс дахь хууль зүйн үйлчилгээ ба хуульчийн эрх зүйн байдал: Хамтын ажиллагааны боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, амжилттай оролцлоо.

Хуралд оролцогчид бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэхэд эрх зүйн мэдлэг, мэдээллийн солилцоо, хууль зүйн үйлчилгээ, маргаан шийдвэрлэлтийн механизмыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байгаа бөгөөд үүнд талуудын хамтын ажиллагаа, тухайлбал харилцан судлах, суралцах, түгээх, хамтрах арга зам чухал болохыг онцолсон байна.

Дашрамд дурдахад тус симпозиумд Монгол, Хятад, Орос, Солонгос, Япон улсын худалдааны зөвлөл, худалдааны танхим, хууль зүйн эрдэм шинжилгээний болон хууль, эрх зүйн зүйн асуудал хариуцсан байгууллага, аж ахуйн нэгж, худалдааг дэмжих системийн зэрэг байгууллагаас нийт 200 гаруй зочин, төлөөлөгч оролцжээ.

Эх сурвалж: Монголын Хуульчдын холбоо

Төрөл: Мэдээ