3908-12-16 15:13
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Монгол Улсын Үндсэн хууль /хэрэгжилт, хяналт, судалгаа/” бүтээлийн нээлт боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэн хууль зүйн салбарт мэндэлсэн шинэхэн бүтээлүүдийг салбарын мэргэжилтнүүд болон иргэд, олон нийтэд танилцуулах, мэдээлэх, тухайн судлаачийн судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухааны судалгааны болоод практикт эргэлтэд оруулах зорилгоор шинэ бүтээлийн танилцуулгыг зохион байгуулдаг билээ.

Энэ удаад Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич Пунсалмаагийн Очирбатын нөр их хөдөлмөр, бүтээлийн дүнд бүтээж хэвлүүлэн нийтийн хүртээл болгож буй “Монгол Улсын Үндсэн хууль /хэрэгжилт, хяналт, судалгаа/” бүтээлийг 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Хуульчдын танхимд зохион байгуулав.

Нээлтийн үеэр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг ” Монголын нийгэм, улс төр хийгээд төрийн нэрт зүтгэлтэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич Алаг Адуун овогт Пунсалмаагийн Очирбатын ажил, амьдралын замналыг Монгол төрөөс салгахын аргагүй. Аж үйлдвэрийн яамны мэргэжилтнээс Түлш, эрчим хүчний яамны сайд, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Ерөнхийлөгч хүртэл ахиж, дэвшиж, зогсолтгүй урагшилж басхүү илүү хариуцлага, ачааг дааж Монгол төрийн тулхтай, хичээнгүй түшээ гэдгээ залуу хойч үедээ үлгэрлэн харуулсан төр, нийгэм, шинжлэх ухааны цөөн зүтгэлтний нэг мөнөөс мөн” гээд “Монгол Улсын Үндсэн хуульт ёсыг хөгжүүлэхэд нөр их хүчин зүтгэл гарган Үндсэн хуулийн комиссыг тогтоож, Үндсэн хуулийг ард нийтээр хэлэлцүүлэх, Ардын Их Хурлаар батлуулахад их хүчин зүтгэл гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 10 гаруй жил ажиллахдаа байнга ажиглалт, судалгаа хийж цаашид төгөлдөржүүлэх талаар үргэлж санаа тавьж ажиллаж байсныг” онцлов.

Энэ жил шинэ, ардчилсан /1992/ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой тохиосон юм. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн  газрын шийдвэрээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийг байгуулж тодорхой ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд судлаачид, олон нийт, улс төрчдийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар эрчимтэй хэлэлцүүлэг өрнүүлж байгаа энэ үед Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлийн судалгааны бүтээлийг ийнхүү танилцуулах нь Үндсэн хуулийг танин мэдэх судалгаа шинжилгээний болон практик ач холбогдолтой юм.

Бүтээлийн нээлтэд хууль зүйн салбарын олон эрдэмтэд оролцож номын талаар сэтгэгдэлээ илэрхийллээ.

 

Манай байгууллагын санаачлага, урилга, хүсэлтээр зохиогчдын бүтээлийг танилцуулах энэхүү үйл ажиллагаа уламжлал болж 2017 онд Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлийн багц бүтээлийн танилцуулга, Өмгөөллийн чиглэлийн багц бүтээл, Иргэний эрх зүйн чиглэлийн багц бүтээл мөн Захиргааны ерөнхий хуулийн тайлбар зэрэг бүтээлийн танилцуулгыг хийсэн байна.

 

  

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргасан бүтээлийн дээжээс Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич Пунсалмаагийн Очирбатад өгсөн юм.

 

Төрөл: Мэдээ