2018-09-23 21:38
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар “Эрүүгийн эрх зүйн орчин үеийн чиг хандлага” сэдвээр хүндэтгэлийн лекц уншлаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Монголын Улсын хууль зүйн шинжлэх ухаан, боловсрол, практикт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаад улсын нэр хүнд бүхий хуульч эрдэмтэн багш, практик ажилтныг урьж хүндэтгэлийн лекц уншуулдаг уламжлалтай.

Хүндэтгэлийн лекц нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн анхны захирал Академич Ж.Амарсанаагийн санаачилгаар тухайн үеийн Хууль зүйн үндэсний төвийн захирлын 2006 оны 90 дүгээр тушаалаар “Хууль зүйн үндэсний хүрээлэнд хүндэтгэлийн лекц унших, хөрөг зураг байрлуулах тухай” журмыг баталснаар анхлан зохион байгуулсан юм. Лекцийн зорилго нь олон улсын болон Монголын Улсын хууль зүйн шинжлэх ухаан, боловсрол, практикт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаад улсын нэр хүнд бүхий хуульч эрдэмтэн багш, практик ажилтныг урьж хүндэтгэлийн лекц уншуулах бөгөөд, лекцийн дараа хөрөг зургийг Хуульчдын танхимд байрлуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ билээ.

 

Хамгийн анхны хүндэтгэлийн лекцийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Ардын багш, хөдөлмөрийн баатар, доктор, профессор Б.Чимид уншсан байдаг. Түүнээс хойш нийт 14 эрдэмтний хүндэтгэлийн лекцийг зохион байгуулсан байна.

Энэ удаад ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Ж.БОЛДБААТАР “Эрүүгийн эрх зүйн орчин үеийн чиг хандлага” сэдвээр хүндэтгэлийн лекцээ уншлаа.

Хүндэтгэлийн лекцэнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, Хууль сахиулахын их сургуулийг төлөөлж Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Орхон их сургуулийг төлөөлж захирал, профессор Я.Дашдорж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургуулийг төлөөлж захирал н.Өлзийсайхан, Цагдаагийн ерөнхий газрыг төлөөлж Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн дарга Б.Дэлгэрсайхан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг төлөөлж хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, Шавь нарыг төлөөлж цагдаагийн хурандаа Ч.Батбаяр, Монголын Хуульч эрдэмтдийн холбоог төлөөлж гүйцэтгэх захирал, хууль зүйн доктор, профессор Л.Батжав болон түүний үе үеийн шавь, хамтран зүтгэгчид, нэг ангийн хамт олны зүгээс дурсамж хүүрнэн, түүх өгүүлж, талархал илэрхийлсэн юм.

Хүндэтгэлийн лекцийн үеэр доктор, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатарын бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, хөрөг зургийг Хуульчдын танхимд байршууллаа.

Төрөл: Мэдээ