6379-08-16 15:34
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх  тухай” хуулийн төслөөр өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Албадан эмчлэх газрын дарга П.Энхмаа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл, ЦЕГ-ийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах мэргэжилтэн П.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Уг хуулийн төслийн үзэл баримтлал, агуулга ач холбогдлын талаар “Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал” сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн яамны  ХЗБГ-ын ахлах мэргэжилтэн Л.Мөнхцэцэг нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ: Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд энэ хуульд 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.  Албадан эмчилгээтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зорилгоор “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх  тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ХЗДХЯ болон Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг боловсруулан өнөөдрийн хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Энэ хэлэлцүүлгээр хууль тусгагдах боломжтой олон санал гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Төрөл: Мэдээ