2018-04-20 23:45
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээнийг ардчилсан Үндсэн хуулийн баярын өдрийг тохиолдуулан хууль тогтоох, хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын ажилтан, хууль зүйн чиглэлээр сургалт явуулдаг сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач нарын дунд 2009 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тэмцээнийг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Чимид сан,  Монголын шатрын холбоо, “Цогц-Эрх партнерс” ХХН хамтран зохион байгууллаа. Монголын шатрын холбоо уг тэмцээнийг хамтран зохион байгуулснаар уг тэмцээний чансаа, цар хүрээ улам бүр нэмэгдэж байна.  Уг тэмцээнд Улсын их хурал, Үндсэн хуулийн цэц , Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо,  Монголын өмгөөлөгчдийн холбоо, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллагын нийтдээ 100 орчим тамирчид  өрсөлдлөө.

Тэмцээний нээлтэд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Б.Чимид багшийн гэргий Б.Цээрэгзэн, “Чимид сан”-ийн гүйцэтгэх захирал, охин Ч.Сайнсанаа “Чимид сан”-ийн тэргүүн Ч.Батцогт, ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор П.Амаржаргал болон Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, Дэд Ерөнхийлөгч Ц.Цогбаяр, “Цогц-Эрх партнерс” ХХН-ийн өмгөөлөгч Ж.Энхнасан нар оролцлоо. Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын шатрын холбооны  шүүгчдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, феде-мастер, улсын шүүгч Ч.Мөнхбат, оноолтын шүүгчээр улсын шүүгч Б.Чингүүн, туслах шүүгчээр улсын шүүгч Д.Хосбаяр нар ажиллаа.

Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээний:

Тэргүүн байрт Хууль сахиулахын их сургуулийн багш Д.Гандуулга;

Хоёрдугаар байрт өмгөөлөгч М.Мөнгөнхүү;

Гуравдугаар байрт Тагнуулын ерөнхий газрын ажилтан Л.Нямсүрэн;

тусгай байрт: Ч.Булган, Б.Дамба В.Цэгмид нар шалгарлаа.

Тус тэмцээнийг жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн тэмцээний тэргүүн байрын шагналт Д.Гандуулгад Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээний шилжин явах цомыг гардуулсан юм.

    

 

Төрөл: Мэдээ