2018-05-23 06:23
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шинэ бүтээлийн нээлт боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2017 оноос эхлэн хууль зүйн салбарт шинээр хэвлэгдсэн бүтээлийг танилцуулах, хууль зүйн салбарынханд болон иргэд, олон нийтэд хүргэх, мэдээлэх, бүтээлийг шинжлэх ухааны судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаа  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн, нийтийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн доктор, профессор Б.Баярсайханы “Монгол Улсын Үндсэн хуульт ёсны уламжлал” шинэ бүтээлийн нээлт боллоо. Тус бүтээлийн редактороор доктор, профессор Ч.Даваадаш ажилласан байна.

Шинэ бүтээлийг танилцуулах нээлтийн арга хэмжээг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн  Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор П.Амаржаргал үг хэлэв.

“Монгол Улсын Үндсэн хуульт ёсны уламжлал” бүтээл нь Монгол Улсын үе үеийн Үндсэн хууль тэдгээрийн өөрчлөлт,  улс төрийн нөхцөл байдал зэргийг хөндөн судалснаараа илүү онцлогтой болсон бөгөөд 1992 оны шинэ ардчилсан Үндсэн хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн талаар ч дурджээ.

Шинэ бүтээлийн нээлтэд зохиогчийн бүтээлтэй холбоотойгоор эрдэмтэн судлаачид өөрсдийн санал, зөвлөмж хэллээ. Тухайлбал,  Академич С.Нарангэрэл, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ж.Урангуа, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, ҮХЦ-ийн гишүүн доктор, профессор Ш.Цогтоо, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн, нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Баярсайхан, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, доктор Г.Батсүх, МУБИС-ийн багш, доктор Ч.Болдбаатар нар зохиогч болон бүтээлийн талаар үг хэллээ. Түүнчлэн доктор, профессор Б.Баярсайханы гэр бүл, хамтран зүтгэгчид, багш, үе үеийн шавь нар, хуульч судлаач, оюутнууд оролцлоо.

Төрөл: Мэдээ