2018-04-20 23:29
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн ахлах ангийн 150 гаруй сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэн иргэдэд эрх зүйн мэдээлэл хүргэх, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, мэдээлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 2014 оноос эхлэн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхдүүдийн нийтлэг холбогддог гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах сургалтыг зохион байгуулж байна.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүмүүсийн хэрэгт хийсэн судалгаагаар 44,7 хувь нь 16 хүртэлх насны хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүд бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах, булаах зэрэг гэмт хэрэгт холбогдсон байдаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн санаа, сэдлийг тодруулахад хөнгөн хийсвэр зан, хууль, эрх зүйн мэдээлэл муутай байдгаас хэмээн хариулжээ.

Тус хүрээлэн 2016 онд нийт 500 гаруй сурагчдад 10 удаа сургалт, уулзалт, мэдээлэл хийсэн бол 2017 онд 1000 орчим сурагчдад өсвөр насны хүүхдүүдийн зан байдал, насны онцлогт тохирсон хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулсан. 2018 онд энэ ажлыг үргэлжлүүлэн 4 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн 10, 11 дүгээр ангийн 150 сурагчдад тус сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар:

  • Зөв хандлага, зан үйл төлөвшүүлэх,
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг, мансууруулах бодисын хор хөнөөл/,
  • Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай,
  • Эрх зүйч мэргэжлийн онцлогын талаар хичээл заав

Мөн тус хүрээлэнгээс хэвлүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга нугалбар хуудсыг сурагчдад тарааж, сургуулийн номын санд тус хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн бүтээлийн дээжээс гардууллаа.

Төрөл: Мэдээ