2018-04-20 23:28
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хорооны нарийн бичгийн дэд дарга, Хятадын Далайн хэргийн арбитрын хорооны дэд дарга, Шведийн Стокгольм дахь арилжааны арбитр (SCC)-ын зөвлөлийн дарга,  ICC China Арбитрын мэргэшлийн хорооны дэд дарга, Олон улсын арилжааны арбитрын зөвлөл (ICCA)-ийн гишүүн, доктор Ли Хуг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хорооны Бизнес хөгжлийн хэлтсийн менежер Яао Юү, ХЗҮХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Энх-Амгалан нар байлцав.

Доктор Ли Ху Монгол Улсын хууль зүйн салбарын байгууллагад зочилж, харилцаа, хамтын ажиллагаа тогтоох боломжийн талаар зөвлөлдөх зорилготой байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ. Тэрээр Хятадын арбитрын байгууллагын үйл ажиллагаа, түүхэн туршлага, гадаад орнуудтай тогтоосон хамтын ажиллагаа, цаашдын зорилтын талаар танилцуулсан болно.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг Монгол Улсын арбитрын хууль, эрх зүйн орчин, арбитрын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар онцолсон юм. Талууд өөрсдийн байгууллагын эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд,  арбитрын эрх зүйн орчин болон практик асуудлаар харьцуулсан судалгаа хамтран хийх, сургалт, мэдээлэл, сурталчилгааны олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой талаар харилцан санал солилцлоо.

Төрөл: Мэдээ