2018-10-15 22:04
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан эрх зүйн сургалтыг 5 дахь жилдээ зохион байгуулж байна

Хууль зүйн үндэсний хүрээлэн  анх 2013 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэл өгөх зорилгоор эрх зүйн албан бус сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Түүнээс хойш жил бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зайлшгүй мэдвэл зохих хуулийн зохицуулалт, тодорхой сэдвийн хүрээнд тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, нийгмийн халамж, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн маргаан, боловсрол зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтлэг тохиолддог эрх зүйн асуудлаар сургалтыг бэлтгэж тогтмол, үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Дурдсан хугацаанд нийт 30 орчим сургалт, уулзалтыг зохион байгуулж 1500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургалтад хамруулаад байна.

Энэ удаад Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоотой хамтран 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах холбоодын удирдлагуудад сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шинээр батлагдсан хууль тогтоомжийг таниулах, шинэ мэдлэг, мэдээлэл хүргэхийг зорилоо. Энэ удаагийн сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэх эрхийн тухай ойлголт онцлог, Зөрчлийн тухай хуулийн ойлголт, онцлог, шинэчлэлт, төрийн бус байгууллагын тухай ойлголт, танилцуулга гэсэн өргөн сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

2018 онд тус Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэдний нийгмийн оролцоог идэвхжүүлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг улам бүр нэмэгдүүлэх чиглэлд олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллахад нээлттэй болно.

 

Төрөл: Мэдээ