2018-10-15 21:59
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шинэ бүтээлийн нээлт боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2017 оноос эхлэн хууль зүйн салбарт шинээр хэвлэгдсэн бүтээлийг танилцуулах, тэдгээр бүтээлийг хуульчид, иргэдэд хүргэх, мэдээлэх, бүтээлийг шинжлэх ухааны судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн.

Энэ удаа Өмгөөлөгч, судлаач В.Энхтамирын “Газрын харилцаа, хөрөнгийн эрхийн нэр томьёоны тайлбар толь (англи-орос-монгол)” шинэ бүтээлийг танилцуулах арга хэмжээ боллоо. Энэхүү бүтээлд газрын харилцааны удирдлага, хөрөнгийн эрхийн холбогдолтой түгээмэл болон манайд харьцангуй шинээр хэрэглэгдэж эхэлж байгаа 350 гаруй нэр томьёог Англи, Орос, Монгол хэлээр оноолт хийж, дэлгэрүүлэн тайлбарлан оруулснаараа онцлог болжээ. Тус бүтээлийг Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор профессор Я.Долгоржав хянан тохиолдуулжээ.

Шинэ бүтээлийг танилцуулах арга хэмжээг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн  захирал С.Энхцэцэг үг хэлэв.

Шинэ бүтээлийн нээлтэд өмгөөлөгч, судлаач В.Энхтамирын гэр бүл, дотны нөхөд, хамтран ажиллагсад, багш, хуульч судлаач, оюутнууд оролцлоо.

Төрөл: Мэдээ