3886-08-15 15:34
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Докторантуудын цуврал семинар боллоо

2017 оноос “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР”-ыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс анхлан санаачлан эхлүүлсэн. Тус үйл ажиллагааны анхны зочдоор Хууль сахиулахын докторант Р.Мухийт “Төрийн өндөр албан тушаалтанд хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Т.Азжаргал “Үндсэн хуулийн эрх зүйн хариуцлага: Онол туршлага” сэдвээр тус тус оролцож байсан.

Энэ удаад 2018 оны эхний зочдоор Хууль сахиулах их сургуулийн докторант Б.Мөнхдорж “Гэмт хэргийн стастистик: Онол, хэрэглээний асуудал” сэдвээр, Хууль сахиулах их сургуулийн докторант Г.Оюунболд “Криминологийн шинэ хандлагыг Монгол улсад нэвтрүүлэх нь” сэдвээр семинар зохион байгууллаа.

Цуврал семинарыг  Хууль сахиулах их сургуулийн докторант Б.Мөнхдорж “Гэмт хэргийн стастистик: Онол, хэрэглээний асуудал” сэдвээр эхлүүллээ. Түүний хийж буй докторын судалгааны ажлын үр дүнгээр илтгэл хэлэлцүүлж, салбарын эрдэмтэн, судлаачдын санал, зөвлөгөөг авлаа. Докторант уг сэдвийн хүрээнд гэмт хэргийн статистикийн онолын үндэс, ойлголт, судлагдсан байдал, гэмт хэргийн статистикийн арга зүй, мэдээллийн технологийн хэрэглээний асуудлыг хөндсөн. Мөн гэмт хэргийн статистикийн өнөөгийн практик, академик хэрэглээний талаар дурьдаж, гэмт хэрэгийн статистикийн өнөөгийн тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим саналыг дэвшүүлсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2016-2018 онд хэрэгжүүлж буй “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд энэхүү докторын судалгааны ажил хийгдэж байгаа нь онцлог юм.

Хууль сахиулах их сургуулийн докторант Г.Оюунболд “Криминологийн шинэ хандлагыг Монгол улсад нэвтрүүлэх нь” сэдвээр лекц уншиж судалгааны ажлаа танилцууллаа. Судалгааны ажлын гол онцлог нь криминологийн шинэ онол, хандлагыг нэвтрүүлэх шаардлага, ялангуяа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд гэмт хэргийн газар зүйн зураглалыг ашиглах боломж, гэмт хэргийн гаралт хүрээлэн буй орчны нөлөөлөөс ихээхэн хамаардаг зэрэг олон сонирхолтой сэдвийг хөндлөө.

Энэхүү цуврал семинараар докторын зэрэг горилж буй судлаачид өөрийн сэдвээ олон нийтийн дунд хэлэлцүүлэх, санал, шүүмж авах зэргээр эрдмийн ажлаа сайжруулах, чанаржуулах боломжтой. Мөн хууль зүйн их сургуулиудын докторын  зэрэг хамгаалах журамд докторант нь энэ төрлийн семинарт оролцсон сэдвээ хэлэлцүүлсэн байхыг тусгасан байдаг.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн салбарын докторантуудтай хамтран ажиллахад нээлттэй болно.

Төрөл: Мэдээ