2018-12-19 13:12
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт орон нутагт үргэлжилж байна

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс анх санаачлан 2014 оноос иргэдэд эрх зүйн мэдээлэл хүргэх, хууль тогтоомжийг хялбаршуулан сурталчлах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан эрх зүйн мэдээлэлтэй байхын ач холбогдол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тодорхой төрлийн гэмт хэргийн хор уршиг, үр дагаврын талаарх сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Тус сургалтыг өнөөдрийг хүртлэх хугацаанд  Нийслэлийн ерөнхий боловсролын 20 гаруй сургуулийн 8000 орчим сурагчдад зохион байгуулаад байна. Тус сургалтыг орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зохион байгуулахад бэрхшээлтэй байдаг учраас сургалтын хичээлийг видео хэлбэрээр бэлтгэн 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын  Хууль, эрх зүйн хэлтсүүдэд хүргүүлсэн билээ.

Орхон аймаг Ерөнхий боловсролын сургуулиуддаа тус сургалтыг амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэ удаад Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн  хэлтсээс “Иргэдээ сонсъё” аяны хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1, 2, 5 дугаар сургуулийн 10,11,12 ангийн 144 сурагчдад Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хүргүүлсэн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх – эрх зүйн мэдээлэлтэй байхын ач холбогдол” сэдэвт видео хичээлийг үзүүлж, төвийн 3 сургуулийн сурагчдын дунд  “Алтан хонх” тэмцээн зохион байгуулсан байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулдаг тус сургалтыг орон нутагтаа идэвхтэй зохион байгуулсан Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн  ажилтнуудад талархал илэрхийлье.

Төрөл: Мэдээ