2018-07-23 06:44
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” /ALIN/ олон улсын байгууллагын 2018 оны олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2018 оны 6 дугаар сарын 27, 28-ний өдрүүдэд “Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” /ALIN/ олон улсын байгууллагын 2018 оны удирдлагуудын ээлжит уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

2018 оны байдлаар “Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” олон улсын байгууллагын сүлжээнд нийт 17 орны 30 гаруй байгууллага нэгдээд байна. Сүлжээний гишүүн байгууллагууд эрх зүйн мэдээлэл, судалгааны хүрээнд туршлага солилцох, хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх зэргээр хамтран ажилладаг.

“Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” /ALIN/ олон улсын байгууллагын 2018 оны удирдлагуудын ээлжит уулзалт 6 дугаар сарын 27-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд амжилттай болсон. Өнөөдөр буюу 6 дугаар сарын 28-ны өдөр “Ресорт Ворлд Тэрэлж” зочид буудалд “Азид эдийн засгийн эрчимтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгамдаж буй эрх зүйн асуудал“ ерөнхий сэдвийн хүрээнд үндсэн гурван салбар хуралдаантайгаар олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна. Хуралдааны нэгдүгээр салбар хуралдаан харилцан ашигтай худалдаа ба тарифын бус арга хэмжээ, хоёрдугаар салбар хуралдаан гадаадын хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх ажиллагаа, гуравдугаар салбар хуралдаан олон улсын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх асуудал гэсэн сэдвийн хүрээнд нийт 11 сэдвээр илтгэл хэлэлцүүлэн зохион байгуулагдаж байна.

 

 

 

 

 

 

Хуралд Азийн орнуудын тэргүүлэх их сургууль, судалгааны хүрээлэнгийн нэр хүндтэй эрдэмтэн, профессорууд өөрийн орны туршлага, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл хэлэлцүүлж, санал солилцоно. Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа тив дотроо төдийгүй дэлхийн хэмжээнд өргөжиж буй энэ цаг үед эдийн засгийн хамтын ажиллагаа, түүнийг дагасан эрх зүйн асуудлын талаар бусад орны туршлага, цаашдын чиг хандлагын талаар сонсох боломжийг олгож буй чухал ач холбогдолтой хурал юм.

Тус эрдэм шинжилгээний хуралд Монголын гадаад харилцаа, эдийн засаг, эрх зүйн салбарын төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, судлаачид, хуульчид оролцож байна.

“Азид эдийн засгийн эрчимтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгамдаж буй эрх зүйн асуудал“ эрдэм шинжилгээний олон улсын хурлын хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.

                                                                                                                                                                            2018.06.28 12:00 цаг, “Ресорт Ворлд Тэрэлж” зочид буудал

 

 

Төрөл: Мэдээ, Хөтөлбөр, төлөвлөгөө