4036-09-20 15:37
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” (ALIN) олон улсын байгууллагын 2018 оны ээлжит удирдлагуудын уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

2018 оны 6 дугаар сарын 27,  28-ны өдрүүдэд “Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” (ALIN) олон улсын байгууллагын 2018 оны ээлжит удирдлагуудын уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Хууль зүйн үндэсний хүрээлэн амжилттай зохион байгууллаа. 2018 оны байдлаар “Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” олон улсын байгууллагын сүлжээнд нийт 17 орны 36 байгууллага нэгдээд байна. Сүлжээний гишүүн байгууллагууд эрх зүйн мэдээлэл, судалгааны хүрээнд туршлага солилцох, хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх зэргээр хамтран ажилладаг. Мөн ээлжит удирдлагуудын  уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жилд нэг удаа, өмнөх хурлаар тухайлан сонгогдсон гишүүн оронд зохион байгуулдаг уламжлалтай тул энэ удаад Монгол Улсад зохион байгуулсан. Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” (ALIN) олон улсын байгууллагын 2018 оны удирдлагуудын ээлжит уулзалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд 6 дугаар сарын 27-ны өдөр боллоо.

Уулзалтыг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг болон Солонгосын хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ikhyeon Rhee нар үг хэллээ.

Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” (ALIN) олон улсын байгууллагын 2018 олон улсын эрдэм шинжилгээний хурал 6 дугаар сарын 28-ны өдөр “Ресорт Ворлд Тэрэлж” зочид буудалд “Азид эдийн засгийн эрчимтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгамдаж буй эрх зүйн асуудал“ сэдвээр үргэлжлэв.

6 дугаар сарын 28-ны өдөр олон улсын эрдэм шинжилгээний хурал “Азид эдийн засгийн эрчимтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгамдаж буй эрх зүйн асуудал“ ерөнхий сэдвийн хүрээнд үндсэн гурван салбар хуралдаантайгаар  боллоо. Хуралдааны нэгдүгээр салбар хуралдаан харилцан ашигтай худалдаа ба тарифын бус арга хэмжээ, хоёрдугаар салбар хуралдаан гадаадын хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх ажиллагаа, гуравдугаар салбар хуралдаан олон улсын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх асуудал гэсэн сэдвийн хүрээнд нийт 11 сэдвээр илтгэл хэлэлцүүлэн зохион байгуулагдлаа.

Хуралд Монгол,   БНСУ, Вьетнам, Малайз,  Балба, Тайвань, ХонгКонг, Филиппин, Бангладеш, Казакстан, Иран,  ХБНГУ, Камбож, ОХУ, Макао, Индонез, Япон улсын тэргүүлэх их сургууль, судалгааны хүрээлэнгийн нэр хүндтэй эрдэмтэн, профессорууд өөрийн орны туршлага, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл хэлэлцүүлж, санал солилцсон.

 

Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа тив дотроо төдийгүй дэлхийн хэмжээнд өргөжиж буй энэ цаг үед эдийн засгийн хамтын ажиллагаа, түүнийг дагасан эрх зүйн асуудлын талаар бусад орны туршлага, цаашдын чиг хандлагын талаар сонсох боломжийг олгож буй чухал ач холбогдолтой хурал боллоо. Эрдэм шинжилгээний хуралд Монголын гадаад харилцаа, эдийн засаг, эрх зүйн салбарын төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, судлаачид, хуульчид оролцлоо.

   

 

 

 

 

Төрөл: Мэдээ