2018-06-22 16:41
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Номын сангийн ажиллах журам

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын 2017 оны А/18 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 


ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН НОМЫН

САНГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

  • Энэхүү журмын зорилго нь холбогдох хууль тогтоомж, Хууль зүйн үндэсний хүрээлэн /цаашид хүрээлэн гэх/-гийн дүрэмд нийцүүлэн Хуульчдын номын сан /цаашид номын сан гэх/-гийн удирдлага, зохион байгуулалт, номын фонд бүрдүүлэлт, номын сангийн үйлчилгээ, номын сангийн ажилтан, уншигчийн эрх, үүргийн асуудлыг зохицуулахад оршино.
  • Номын сан нь үйл ажиллагаандаа Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Зохиогчийн эрхийг хамгаалах хууль, Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн акт, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.

 

Хоёр. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт

 

  • Номын сангийн өдөр тутмын үйл ажиллагааг номын сан хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан /цаашид номын сангийн ажилтан гэх/ эрхэлж, хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төв /цаашид судалгааны төв гэх/-д харьяалагдан ажиллана.
  • Номын сангийн үйл ажиллагаанд Эрдэмтэн нарийн бичгийн дарга хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллана.
  • Номын сан нь өөрийн төлбөрт үйлчилгээнээс хүрээлэнд нэмэлт орлого оруулж болно.
  • Номын сан нь чөлөөт сонголттой уншлагын танхим, фонд, цахим үйлчилгээ гэсэн үндсэн төрлөөр номын сангийн үйлчилгээг үзүүлнэ.

 

Гурав. Номын сангийн фонд бүрдүүлэлт

 

  • Номын сангийн фонд нь ном, гарын авлага, эрдэм шинжилгээний сэтгүүл, судалгааны тайлан, тогтмол хэвлэл, цахим эх сурвалж зэргээс бүрдэнэ.
  • Номын сангийн ажилтан шинээр хэвлэгдэн гарсан ном, гарын авлага, тогтмол хэвлэлээс худалдан авах саналыг үйлчлүүлэгчдийн санал хүсэлт, судлаачдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан улирал тутам боловсруулж, Эрдэмтэн нарийн бичгийн даргаар уламжлан хүрээлэнгийн захиралд танилцуулж, худалдан авах ажлыг зохион байгуулна.
  • Олон улсын болон гадаад, дотоодын байгууллага, иргэний хандив, тусламж, хамтын ажиллагаагаар номын санг баяжуулж болно.
  • Номын сангийн ажилтан эдэлгээний улмаас хуучирсан ном, хэвлэлийг сэргээн засварлаж номын сангийн фондын эргэлтийг сайжруулах ажлыг хариуцан гүйцэтгэх ба номыг хэрэглээнээс хасах саналыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Өмч хамгаалах зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ.

 

Дөрөв. Номын сангийн гишүүнчлэлийн эрх нээлгэх, сунгах, цуцлах

  • Үйлчлүүлэгч номын сангийн гишүүнчлэлийн эрхийг нэг жилийн хугацаатай нээлгэж болно. Номын сангийн гишүүнчлэлийн эрхийг шинээр авах, хугацааг сунгуулахад хавсралтад заасан хураамж төлнө.
  • Уншигчийн эрх нээлгэхийн өмнө номын сангийн ажиллах журамтай танилцан зөвшөөрсний үндсэн дээр номын сангийн гишүүнчлэлийн эрх нээлгэнэ.
  • Номын сангийн гишүүнчлэлийн эрх нээхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд :
  1. 1 хувь цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан);
  2. Иргэний үнэмлэх (Жич: Улаанбаатар хотод түр оршин суугч бол тухайн оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт);
  3. Ажлын газрын үнэмлэх, оюутны үнэмлэх: /оюутны үнэмлэхгүй тохиолдолд сургуулийн тодорхойлолт, ажил эрхлээгүй бол оршин суугаа хорооны тодорхойлолт\ хүчинтэй байх;
  4. Үйлчилгээний хураамж.

/Төрийн банк 100900012009, Хууль зүйн үндэсний хүрээлэн, номын сангийн гишүүнчлэлийн үнэ/

  • Хууль зүйн дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутны тухайн хичээлийн жилийн голч оноо нь 3.4–оос дээш үнэлгээтэй оюутанд үнэ төлбөргүй уншигчийн эрх нээлгэх эрх үүснэ.
  • Энэхүү журмын 4.4-т заасан болзол хангасан оюутан журмын 4.3-д заасан материалыг баталгаажуулсан дүнгийн хуудасны хамт авч ирж уншигчийн эрхийн үнэмлэхээ нээлгэнэ.
  • Уншигчийн эрхийн хүчинтэй хугацаа дууссанаас хойш нэг сарын дотор дахин сунгуулах ба уншигч энэхүү дүрмийн 4.3-ын b, c, d-д заасан баримтыг бүрдүүлнэ.
  • Энэ дүрмийн 4.6-д заасан хугацаа өнгөрсөн бол 4.3-т заасан баримтыг шинээр бүрдүүлэн уншигчийн эрх шинээр нээлгэнэ.
  • Уншигчийн эрхийн үнэмлэхээ үрэгдүүлсэн, үнэмлэхний бар кодыг гэмтээсэн тохиолдолд шаардлагатай хураамжийг төлж үнэмлэхийг сэргээлгэнэ.
  • Уншигчийн эрх нээлгээгүй тохиолдолд хавсралтаар баталсан тарифын дагуу номын сангийн үйлчилгээ авч болно. Нэг удаагийн үйлчилгээ авах иргэн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг номын сангийн ажилтанд түр хадгалуулан үйлчилгээг авна.

4.10. Номын сангийн төлбөрт үйлчилгээний тарифыг тухайн үеийн бараа, үйлчилгээний үнийн өсөлттэй уялдуулан хүрээлэнгийн захирлын тушаалаар өөрчлөн тогтоож болно.

 

Тав. Чөлөөт сонголт бүхий уншлагын танхимын үйлчилгээ

 

  • Уншлагын танхимд зөвхөн зөөврийн компьютер, өөрийн өмчлөлийн ном, цаас, дэвтэр, үзэг балтай орохыг зөвшөөрнө. Цүнх, тор, овортой бусад эд зүйлсийг тээш хадгалах шүүгээнд хадгалуулна.
  • Уншигч 5 хүртэл номыг чөлөөт сонголтын тавиураас сонгож, номын сангийн ажилтанд бүртгүүлэн ашиглах ба ашиглаж дууссаны дараа эргүүлэн тушааж, дахин 5 хүртэлх номыг сонгон авч ашиглаж болно.
  • Ном, хэвлэл бусад материалын бүрэн бүтэн байдлыг номын сангийн ажилтны дэргэд шалгаж авах ба гэмтэлтэй бол номын сангийн ажилтанд мэдэгдэж, зохих тэмдэглэгээг хийлгэнэ.
  • ХЗҮХ-ийн албан хаагчид ажлын хэрэгцээнд хэрэглэх номын сангийн ном, бусад материалыг ажлын 22 хоногоос илүүгүй хугацаагаар авч хэрэглэх бөгөөд ажлын шаардлагаар дахин ажлын 5 хоног сунгаж болно.
  • ХЗҮХ-ийн нийт ажилтнууд уншигчийн үнэмлэхгүй хүнд ном авч өгөхийг хориглоно.
  • Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн, 14 хоногоос дээш хугацааны чөлөө авсан тохиолдолд номын сантай холбоотой тооцоог дуусгаж, тойрох хуудас зуруулж баталгаажуулсан байна.

 

Зургаа. Гэрээр ном олгох үйлчилгээ

 

  • Уншигчийн эрхтэй үйлчлүүлэгчид гэрээр ном олгоно.
  • Уншигчид гэрээр ном олгохдоо тухайн номын тоо, ширхэг, эрэлтийг харгалзан 2 хүртэл хоногийн хугацаатайгаар, 2 хүртэл номыг үнэ төлбөргүйгээр олгож болно. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хавсралтад заасан торгууль ногдуулна.
  • Уншигч гэрээр ашиглаж буй номоо 2-оос дээш хоногийн хугацаагаар хэрэглэхийг хүсвэл 3 дахь хоногоос хавсралтад заасан үйлчилгээний хураамж төлөх ба хүчинтэй иргэний үнэмлэхийг номын санд үлдээн номоо авч ашиглана.
  • Ховор цөөн тоотой /1-3ш/, үнэтэй ном товхимол, тогтмол хэвлэл/эрх зүйн сэтгүүл/ зэргийг гэрээр олгохгүй. Номын сангийн ажилтан номыг электрон каталогоос ховор, цөөн тоотой эсэхийг тодорхойлон уншигчдад гэрээр олгох асуудлыг шийдвэрлэнэ. Бүртгэлийн үнэ нь 20000 төгрөгөөс дээш үнэтэй бол уг номыг гэрээр олгохгүй.
  • Номын сангийн ажилтан ном гэрээр олгох болон хүлээн авахдаа тухайн номын бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгана.
  • Амралтын өдрүүдийг гэрээр ном олгосон хугацаанд тооцно.
  • Тогтоосон хугацаанд ном буцаан хүлээлгэж өгөөгүй, алдаж үрэгдүүлсэн, бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан тохиолдолд номын санд мэдэгдэж бүртгэсэн үнийг 1,5 дахин өсгөж төлөх эсхүл нэг бүрийн шинжээр ижил номыг ажлын 5 өдрийн дотор номын санд хүлээлгэн өгнө.
  • Энэ журмын 6.7 дахь заалтыг биелүүлээгүй тохиолдолд дараахь арга хэмжээг шат дараалан авна.
    • Онцгой шаардлага гарсан тохиолдолд холбогдох хүнтэй холбоо барьж, шаардлага тавих;
    • Суралцаж буй сургуулийн захиргаа эсхүл ажиллаж буй албан байгууллагын захиргаанд албан бичгээр хандах.

 

Долоо. Цахим үйлчилгээ

 

  • Уншигчийн эрхтэй үйлчлүүлэгч цахим үйлчилгээ /интернет/ авна.
  • Үйлчлүүлэгч нь судалгааны зорилгоос бусад чиглэлээр цахим үйлчилгээг ашиглахгүй.

 

Найм. Уншигчийн эрх, үүрэг

 

8.1.  Номын  сангийн ажиллах журамтай танилцан түүнийг дагаж мөрдөнө.

8.2.  Ном, сонин, сэтгүүл ба бусад мэдээллийн эх сурвалжуудыг хайх, сонгож авахад зөвлөгөө, туслалцаа авч болно.

8.3.  Номын сангийн каталог ашиглах, лавлагаа, ном зүйн ба бусад мэдээллийн үйлчилгээгээр хангагдана.

8.4.  Уншихаар авсан ном, хэвлэл, бусад материалыг соёлтой, гамтай хэрэглэж, эзэнгүй орхихгүй байх үүрэгтэй.

8.5.  Үйлчлүүлэгч уншлагын танхимд гар утсаар ярихыг хориглоно. Үйлчлүүлэгч номын санд орж ирэхдээ гар утасныхаа дууг унтраана.

8.6.  Уншигчийн эрхгүй хүн уншлагын танхимд дагуулж орох, номын сангаас авч хэрэглэж байгаа ном, хэвлэл, гарын авлага бусад материалыг танхимаас зөвшөөрөлгүй авч гарах, бусдад дамжуулахыг хориглоно.

8.7.  Уншигч бусдад саад болохуйцаар чанга ярих, аливаа чанга дуу чимээ гаргах, гадуур хувцастай орох, тоглох, идэх зүйл авч орох номын сангийн тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх, бохирдуулах, ширээ, сандалд бохь наах, ширээн дээр юм зурах, бичих гэх мэт зүй бус үйлдэл хийхийг хориглоно.

8.8.  Ном хэвлэл, бусад материалыг эргүүлж өгөөгүй, гэмтээсэн, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд нэг бүрийн шинжээр ижил ном, хэвлэлийг ажлын 5 өдрийн дотор хүлээлгэн өгөх эсхүл үндсэн үнийг нь 2 дахин, 6.4-т заасан ном, хэвлэлийг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд үндсэн үнийг 5 дахин өсгөж төлнө.

8.9.  Номын сангийн ажилтны үйлчилгээний талаар тавьсан зүй зохистой шаардлагыг номын сангаар үйлчлүүлэгч биелүүлнэ.

8.10. Номын сангийн үйлчилгээ, ажилтны зан харилцаа, үйл ажиллагааны талаар санал, гомдол гаргаж болно.

8.11. Уншигчийн хаягийн бүртгэлд өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүр өөрчлөлтийг хийлгэнэ.

8.12. Уншлагын танхимд саад болж буй хүнд шаардлага тавих эрхтэй.

8.13. Дараахь тохиолдолд номын сангаар үйлчлүүлэх эрхийг хасна:

8.13.1.  Үнэмлэхийг бусдад шилжүүлэх, засварлах;

8.13.2.  Уншигчийн үнэмлэхгүй хүнд ном өгөх;

8.13.3.   Ном, бусад материалыг урах, гэмтээх, засварлах, тэмдэглэгээ хийх, хуудсыг сугалж авах, чанарыг муутгах;

8.13.4.  Гэрээр авсан ном, гарын авлагыг 2-оос дээш хоногийн хугацаагаар хэтрүүлэх;

8.13.5. Номын сангийн ажилтны тавьсан зүй ёсны шаардлагыг удаа дараа эс биелүүлэх, шалтгаангүйгээр биелүүлэхээс эсэргүүцэх;

8.13.6. Номын сангийн тоног төхөөрөмжийг эвдэх, гэмтээх;

8.13.7. Энэ журмын 6.7 ба 8.8 –д заасан үүргээ биелүүлэхгүй байх;

8.13.8  Номын сангийн ажилтантай зүй бус харьцах, доромжлох.

8.14. Уншигчийн үйлчлүүлэх эрхийг хасахдаа эхний удаа 2 сараар, дараагийн удаа уншигчийн үнэмлэхийг хураан авч 1 жилийн хугацаанд дахин үнэмлэх нээлгэх эрхгүйгээр хасна.

 

Ес. Номын сангийн ажилтны эрх, үүрэг

 

  • Байгууллагын нэр бүхий номын сангийн тэмдэг хэрэглэнэ.
  • Энэ журмыг зөрчсөн үйлчлүүлэгчид шаардлага тавих, алдаж үрэгдүүлсэн, гэмтээсэн ном хэвлэлийг журмын 6.7, 8.8-д заасны дагуу нөхөн төлүүлнэ.
  • Номын сангийн ажилтан нь хууль тогтоомжид нийцүүлэн батлагдсан энэхүү журмын хүрээнд үйл ажиллагаа явуулна.
  • Номын сангийн ажилтан нь үйлчилгээг үйлчлүүлэгч  бүрт  тэгш хүртээх боломжийг ханган ажиллаж, танхимд чимээ шуугиан гаргах, чанга ярих зэрэгт байнга хяналт тавьж ажиллана.
  • Номын сангийн цахим хуудсанд мэдээлэл оруулах, уг сангийн бүрдүүлэлт, шинэчлэлт, ашиглалт зэрэг ажлыг хүрээлэнгийн техникийн ажилтнуудын туслалцаатайгаар гүйцэтгэнэ.
  • Цахим мэдээллийн тусламжтайгаар зохих журмын дагуу лавлагаа, мэдээллээр хэрэглэгчдэд үйлчилнэ.
  • Ном, хэвлэл болон номын сангийн тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд  хяналт тавих, хадгалан хамгаалах, сэргээн засварлах, нөхөн бүрдүүлэх үүргийг хэрэгжүүлнэ.
  • Шинээр ирсэн ном, хэвлэлийн мэдээг тухай бүрт шинэчлэн гаргаж олон нийтэд танилцуулах.
  • Номын сангийн ажилтан нь үйлчлүүлэгчээс ирсэн санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэлтийг шуурхай зохион байгуулан ажиллана.
  • Хүрээлэнгийн албан хаагчдад шаардлагатай судалгааны ном зүйн /эх сурвалжийн/ лавлагаа гаргаж өгнө.
  • Хүрээлэнгийн дүрэм, ажлын байрны тодорхойлолт болон энэхүү журамд заасан бусад эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
  • Чөлөөт сонголттой номын сан нь эрсдэлийн сантай байх ба жилийн эцсийн тооллогоор номын сангийн ажилтны хариуцсан фондоос дутсан номын төлбөрийг барагдуулахдаа үнийн дүнгээс 50 хувийг номын эрсдэлд тооцон төлбөрөөс хасч барагдуулна.
  • Ном, бүтээлийг танилцуулах, номын сангийн үйл ажиллагааг сурталчлах, номын фондыг баяжуулах бүтээлч ажлыг санаачилж зохион байгуулна.
  • Номын санд буй сэтгүүл, тогтмол хэвлэлийн бүртгэл, товъёогийг тогтмол шинэчилж байна.

 

 

Арав. Бусад үйлчилгээ

 

10.1.  Номын сан ном, хэвлэл, хууль тогтоомж, эрх зүйн актыг үйлчлүүлэгчийн хүсэлтээр хэвлэж, хувилж  өгөх үйлчилгээг үзүүлж болно.

10.2.  Үйлчлүүлэгч дээрх үйлчилгээг авахдаа хавсралтад заасан үйлчилгээний хураамж төлнө.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын сангийн

төлбөрт үйлчилгээний тариф

 

 

Үйлчилгээний төрөл Үнэ ₮
Уншигчийн үнэмлэх шинээр нээх 1 жил 20000
Уншигчийн үнэмлэхний  хугацаа сунгах 1 жил 15000
6 сар 10000
3 сар 5000
Номын сангаар 2-оос дээш жил үйлчлүүлсэн тохиолдолд уншигчийн үнэмлэхний  хугацаа сунгах 1 жил 10000
6 сар 5000
3 сар Үнэгүй
Ахмад настан Үнэгүй
3.4-с дээш голч дүнтэй оюутан Үнэгүй
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Үнэгүй
Уншигчийн үнэмлэх гээсэн, гэмтээсэн тохиолдолд дахин сэргээх 5000
Гэрээр ном олгох Эхний 2 хоногт Үнэгүй
2-оос дээш хоногийн хугацаагаар хэрэглэхийг хүсвэл 3 дахь хоногоос /1 хоног/ 1000
Хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх торгууль 2000
Нэг удаагийн үйлчилгээ 1500
Тогтоосон хугацаанд ном буцаан хүлээлгэж өгөөгүй, алдаж үрэгдүүлсэн, бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан тохиолдолд Үнийг 2 дахин өсгөж төлөх эсхүл нэг бүрийн шинжээр ижил номыг ажлын 5 өдрийн дотор номын санд хүлээлгэн өгнө.
Номын хуудас санаатайгаар сугалж авсан, салгасан, урсан, үрэгдүүлсэн, тэмдэглэл хийх зэргээр чанарыг муутгасан тохиолдолд Нэг бүрийн шинжээр ижил ном хэвлэлийг хүлээлгэн өгөх, эсхүл үндсэн үнийг 2 дахин өсгөж төлнө. Ховор, үнэтэй ном хэвлэлийг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд үндсэн үнийг 5 дахин өсгөж төлнө.
Ном, хэвлэл, хууль тогтоомж, эрх зүйн актуудыг хэвлэж, хувилж  өгөх үйлчилгээ

/1 нүүр/

100

 

 

Үйлчилгээний хураамжийг Төрийн сан банк 900012009 Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дансанд тушаана.

 

Төрөл: Дүрэм журам