2019-09-16 23:09
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчийн ec зүйн дүрэм

ahyoszuin

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагч нь шинжлэх ухааны байгууллагын нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэн байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлж, иргэд, байгууллагад төрийн үйлчилгээг үзүүлэхдээ баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоож, мөрдүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино.

1.2. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагч нь хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актаар тогтоосон ёс зүйн хэм хэмжээ, энэ дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана.

Хоёр. Ёс зүйн зарчим

2.1.  Албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан зарчмыг баримтална:

2.1.1. шударга ёсны;

2.1.2. хууль дээдлэх;

2.1.3. тэгш байдал;

2.1.4. бодитой хандах;

2.1.5. хариуцлага хүлээх;

2.1.6. олон нийтэд үйлчлэх

Гурав. Ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс

3.1. Албан хаагч нь энэ дүрмийн 2.1-д заасан зарчмын хүрээнд төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ дор дурдсан зүйлсийг эрхэмлэн дээдэлнэ:

3.1.1. Шударга ёсны зарчмын хүрээнд: хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах;

3.1.2. Хууль дээдлэх зарчмын хүрээнд: Төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах зэрэг төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн сахих;

3.1.3. Тэгш байдлын зарчмын хүрээнд: бусад төрийн албан хаагч болон үйлчлүүлэгч, иргэн бүртэй адил тэгш, алагчлалгүй харьцан байгууллагын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрийг оруулах;

3.1.4 Бодитой хандах зарчмын хүрээнд: Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гүйцэтгэл, дүгнэлтийг хараат бус бие даасан байдлаар, академик эрх чөлөөг эрхэмлэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, гагцхүү тогтоогдсон үр дүнд үндэслэн бодитой гаргах;

3.1.5. Хариуцлага хүлээх зарчмын хүрээнд: албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх

3.1.6. Олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд: төрийн үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж ажиллах.

Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээ

4.1.  Албан хаагч нь энэхүү дүрмийн 3.1.1-д заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

4.1.1. Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах;

4.2.  Албан хаагч нь энэхүү дүрмийн 3.1.2-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

4.2.1. Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах;

4.2.2. Хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх;

4.2.3. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх;

4.2.4. Байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг албаны бус зорилгоор ашиглахгүй байх.

4.3. Албан хаагч нь энэхүү дүрмийн 3.1.3-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

4.3.1. Иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх;

4.3.2. Төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;

4.3.3. Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох;

4.4. Албан хаагч нь энэхүү дүрмийн 3.1.4-т заасан
эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж
мөрдөнө:

4.4.1. Шинжлэх ухааны мэдээ баримт, тооцоо, дүн шинжилгээ, үндэслэл, үнэлгээ, дүгнэлт нь нотолгоонд тулгуурлах;

4.4.2. Шинжлэх ухааны ололт, үр дүн, дүгнэлт нь улс төр, үзэл суртал, шашны үзлийн нөлөөллөөс ангид, гагцхүү шинжлэх ухааны үнэнийг дээдэлсэн байх;

4.5. Албан хаагч нь энэхүү дүрмийн 3.1.5-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

4.5.1. Өөрийн мэдлэг чадвар, дадал туршлагаа байнга хөгжүүлж, төрийн албаны нэр хүндийг ямагт дээдлэх;

4.5.2. Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах;

4.5.3. Захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;

4.5.4. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх;

4.5.5. Байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл тараахгүй байх.

4.6. Албан хаагч нь энэхүү дүрмийн 3.1.6-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

4.6.1. Албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх;

4.6.2. Төрийн албаны соёл, дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв төвшин харилцах;

4.6.3. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу цаг алдалгүй, ил тод, түргэн шуурхай хүргэх.

Тав. Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн албан хаагчид хүлээлгэх хариуцлага

5.1. Албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тухай асуудлыг байгууллага, хамт олон, хувь хүний гомдол, саналыг үндэслэн авч үзнэ.

5.2 Албан хаагч энэхүү дүрмийг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль, бусад хууль, Хөдөлмөрийн дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Төрөл: Дүрэм журам