2018-11-14 11:13
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн доктор, цагдаагийн хошууч, Б.Энхболд “Монголчуудын цагдаад итгэх хандлагын харьцуулсан судалгаа: инструментал болон экспрессив загварчлалаар шалгах нь” сэдвээр лекц уншлаа

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2014 оноос анх “ЭРХ ЗҮЙ БА ХӨГЖИЛ” сэдвийн хүрээнд магистр, докторын зэрэг хамгаалсан судлаачдын судалгааны сэдвийн хүрээнд тодорхой сэдвээр олон нийт, хуульч, судлаачдад хандсан цуврал лекцийг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ ажлын үргэлжлэл болгож 2017 оноос эрх зүйн шинэчлэлийн хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны зорилгоор докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулах, тэдний эрдмийн зэрэг хамгаалсан судалгааны ажлыг судалгааны эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх, судалгааны сэдвийг олон нийт, оюутан залуучууд, багш, судлаач, хуульчдад хүргэж нийтийн хүртээл болгох зорилгоор ДОКТОРУУДЫН ЦУВРАЛ лекцийг зохион байгуулдаг.

Энэ удаагийн докторын цуврал лекцийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Докторын цуврал лекцийн хүндэт зочноор Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй,криминологийн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн доктор, цагдаагийн хошууч, Б.Энхболд оролцож “Монголчуудын цагдаад итгэх хандлагын харьцуулсан судалгаа: инструментал болон экспрессив загварчлалаар шалгах нь” сэдвээр лекц уншлаа.

Доктор Б.Энхболдын хувьд “Монголчуудын цагдаад итгэх хандлагын харьцуулсан судалгаа: инструментал болон экспрессив загварчлалаар шалгах нь” сэдэвт судалгааны ажлынхаа хүрээнд  цагдаад итгэх итгэлцлийн тандалт судалгааг  Монгол болон Солонгос улсад амьдарч байгаа иргэдээс нэгэн зэрэг авч, итгэлцлийн оноог гаргасан байна. Мөн дэлхийн бусад орнуудад хийгдсэн судалгааг харьцуулж Монгол Улсын иргэд цагдаад итгэх иргэдийн итгэлцлийг харьцуулж гаргаснаараа онцлог болсон байна.

Лекцийг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг баяр хүргэж, тус хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн бүтээлийн дээжээс судлаач, хууль зүйн доктор Б.Энхболдод гардууллаа.

Судалгааны ажил, лекцтэй холбогдуулж, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, нэгтгэн боловсруулах албаны дарга, хууль зүйн доктор О.Зоригт үг хэллээ.

Энэ удаагийн лекцэд судлаач эрдэмтэн, багш, хуульчид, Цагдаагийн ерөнхий газар, нийслэл, дүүргийн цагдаагийн байгууллагын алба хаагчид, Хууль сахиулахын их сургууль болон бусад хууль зүйн их, дээд сургуулийн оюутнууд хүрэлцэн ирлээ.

Төрөл: Мэдээ