2018-11-14 11:11
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Эрх зүйн анхан шатны мэдлэг, боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас нийт зургаан багц ажлыг төлөвлөн гүйцэтгэж байна. Үүний нэг багц ажил болох суурь судалгааг гүйцэтгэхээр шалгарсан “Мэркадо” ХХК  нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр “Эрх зүйн анхан шатны мэдлэг, боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлага” сэдэвт суурь судалгааны ажлыг гурван сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд уг судалгааны ажлын тайлангийн эхний хэлэлцүүлгийг тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Үндэсний зөвлөлийн ажлын алба болох Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ түүврийн аргыг ашигласан бөгөөд уг судалгаанд  нийт 8 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 5-24 насны 2000 иргэн хамрагдсан байна. Судалгааны багийн зүгээс дээр дурдсан насны иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролын түвшинг тодорхойлж, мөн эрх зүйн боловсролыг ямар арга хэлбэрээр, хэрхэн олгож буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийжээ.

Судалгааны дүнд эдгээр насны иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролын түвшин хангалттай бус хэмжээнд байна гэсэн үзүүлэлт гарсан бөгөөд судалгаанд хамрагдсан бага насны хүүхдүүд эрх зүйн талаарх мэдлэг, мэдээллийг эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, зарим хүүхдийн нэвтрүүлгээс олж авч байгаа бол өсвөр насны хүүхдүүд болон 20-25 насны залуучууд гол төлөв өргөн дэлгэцийн нэвтрүүлэг, нийгмийн сүлжээ, ном, сурах бичгээс олж авч байна гэсэн үр дүн гарчээ.

Судалгааны ажлын тайлангийн хэлэлцүүлэгт сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага болох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газар, түүний харьяа дүүргийн Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, түүний харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төв, Насан туршийн боловсролын үндэсний төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт зэрэг, түүнчлэн Нийслэлийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын менежер, нийгмийн ажилтан, их, дээд сургуулийн багш нар, хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд оролцогчдоос цаашид анхаарч ажиллах нэлээд санал, зөвлөмж гарсныг нэгтгэн судалгааны ажлын тайланд тусгах ажээ.

Төрөл: Мэдээ