2019-07-23 14:11
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Мэндчилгээ

 

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Засгийн газрын 2002 оны 121 дүгээр тогтоолын дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш чиг үүргийнхээ дагуу Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэсэн судалгааг шинжлэх ухааны арга зүйгээр явуулах, орон даяар эрх зүйн мэдээ, мэдээллийг түгээх, шинээр батлагдах хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажлыг эрхлэн гүйцэтгэж байна.

2018 онд Хууль зүйн үндэсний хүрээлэн гадаад хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж энэ хүрээнд “Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” /ALIN/ олон улсын байгууллагын ээлжит хурлыг 2018 оны 6 дугаар сарын 27,  28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Өдгөө “Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” олон улсын байгууллагын сүлжээнд нийт 17 орны 36 байгууллага нэгдээд байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Хууль зүйн үндэсний хүрээлэн гүйцэтгэн ажиллаж байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны “www.e-khutuch.mn” портал цахим хуудсыг туршилтаар ажиллуулж байна. Тус портал нь бүх насны иргэдэд төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл болон, эрх зүйн тулгамдаж буй асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд туслах анхан шатны эрх зүйн зөвлөгөө, мэдээ, мэдээллээр хангах мэдээллийн нэгдсэн сан юм.

Эдгээр ажлыг нэгтгэн хэлбэл эрх зүйн анхан шатны мэдлэг, боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл, байдал, хэрэгцээ, шаардлагыг судлах, энэхүү судалгаанд үндэслэн эрх зүйн сургалт, сурталчилгааны агуулга бэлтгэх, түгээх аргачлал, сургалтын хөтөлбөрийг бий болгох, эрх зүйн хөтөч бэлтгэх, зорилтот бүлгийн хэрэгцээнд тулгуурлан гарын авлагыг боловсруулж хэвлүүлэх, сургалт зохион байгуулах, иргэдэд эрх зүйн боловсрол, мэдлэг олгох богино хэмжээний теле цуврал кино, шторк бүтээх зэрэг ажлыг тус тус хэрэгжүүлж эхлээд байна.

Улиран одож буй 2018 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдтай Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын  байгуулсан үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу нийт 36 судалгааг гүйцэтгэлээ.

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд Туркийн Хууль зүйн академи, БНСУ-ын  Үндэсний Их Сургуулийн Зүүн хойд Азийн эрх зүйн хүрээлэн, БНСУ-ын Чонбукийн их сургууль, Япон улсын Нагояагийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг тус тус байгууллаа.

ОХУ-ын Технологи, Удирдахуйн Дорнод Сибирийн Улсын Их Сургуулийн Хуулийн сургуулиас М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Хуулийн сургуультай  хамтран “21 дүгээр зуун дахь төр, эрх зүйн хөгжлийн асуудал, цаашдын чиг хандлага” сэдэвт онол-практикийн олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцлоо. Мөн “Парламентын институтийн улс төр, эрх зүйн шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2019 онд судалгааны ажлын чанар, үр нөлөө, хүртээмжийг сайжруулах, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд олон зорилтот ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран ажилладаг байгууллага, судлаач, эрдэмтэн, хуульчид, иргэд Та бүхэнд шинэ оны мэнд хүргэж угтах ондоо амжилт бүтээлээр дүүрэн, гэрэлт оюунаар ухаан тань тэлж, гэгээн гэрлээр гэр тань гийж аз жаргалаар дүүрэн байх болтугай

Та бүхний 2019 оны ажил, амьдрал, бүтээлч үйлсэд тань

өндөр амжилт хүсэн ерөөе!

Төрөл: Мэдээ