6332-03-25 15:53
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Монгол Улсын Үндсэн хуулийн 27 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар баталж, мөн оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Энэхүү Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг 3 сарын турш орон даяар хэлэлцсэн байна. 1.2 сая сонгогчийн 75 хувь буюу 900000 гаруй хүн шууд оролцож төслийг дэмжихийн хамт давхардсан тоогоор 200000 гаруй санал гаргажээ.

Ардын Их Хурлын 59 дүгээр өдрийн хуралдаан 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Ардын Их Хурлын танхимд болж, Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг нотлох, сүлд, далбааг залах ёслолын ажиллагаа болсон. АИХ-ын дарга Ж.Уртнасан Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн эцэст “БНМАУ-ын Ардын Их Хурал, 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минут. Зөвшөөрсөн БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан” хэмээн гарын үсэг зурж БНМАУ-ын Ардын Их Хурлын тамгыг дарж батламжлаад, алд цэнхэр хадгийн хамт БНМАУ-ын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатад гардуулсан байна.

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн уг эхийг гардаж аваад “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой. БНМАУ-ын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат” гэсний дараа гарын үсэг зурж, төрийн тамга дарж батламжилсан юм

Төрөл: Мэдээ