2019-04-20 13:55
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд зориулагдсан сургалтыг зохион байгуулах сургагч багш бэлтгэх сургалт боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс олон зорилтод ажлыг дангаар болон бусдаар гүйцэтгүүлэх хэлбэрээр хэрэгжүүлж байна.  Эдгээр ажлын нэг  нь “Иргэний эрх зүйн албан бус сургалтын хөтөлбөр, гарын авлагыг зорилтод бүлгийн хэрэгцээнд тулгуурлан боловсруулах, сургалт зохион байгуулах” ажил юм. Дээрх ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр, гарын авлага DVD-ыг боловсруулсан. Энэхүү сургалтын хөтөлбөр гарын авлагыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах сургагч багш эрх зүйн хөтчийг бэлтгэх эхний ээлжийн сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй бизнес инкубатор төв ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газартай хамтран 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад төрийн албан хаагчид буюу хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нийслэлийн дүүргийн мэргэжилтнүүд оролцлоо. Сургалтад оролцогчдод “Хөгжлийн бэрхшээлтэй эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд зориулагдсан  сургалтын хөтөлбөр”, тусгай хэрэгцээт сургалтын хэрэглэгдэхүүн гарын авлага DVD-ыг хүлээлгэн өгөв.

Энэхүү сургалтын хөтөлбөр, гарын авлагыг ашиглан цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрх зүйн мэдлэг олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах юм.

Монгол Улсад 103 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн судалгаа байна. Эдгээр иргэдийн нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг бүрдүүлэхэд эдгээр иргэдийн эрх зүйн мэдлэг чухал үүрэгтэй тул цаашид сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Төрөл: Мэдээ