2019-04-20 13:12
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шинэ номын мэдээ

Эрх зүйн хөтчийн гарын авлага

Монгол Улсын Засгийн газрын Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх цогц ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захиалгаар “Эрх зүйн хөтчийн гарын авлага” номыг хэвлүүллээ. Манай байгууллага болон зохиогчдын баг нь Засгийн газрын энэхүү хөтөлбөрийн хамгийн чухал хэсэг болох “Эрх зүйн хөтөч”-ийг бэлтгэх гарын авлагыг эдүгээ хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн агуулгад  нийцүүлэн боловсруулсан болно. “Боловсрол бол чадваржсан мэдлэг”, “Эрх зүй бол хууль ёс, шударга ёсны зохистой бөгөөд бодитой нэгдэл” гэж үзвэл “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх “бэлтгэгдэж, чадваржсан эрх зүйн хөтөч” нарын үндэсний хэмжээний сүлжээ, тогтолцоо туйлын чухал. Тийм ч учраас эрх зүйн хөтчийн оролцоо, тусламжтайгаар Засгийн газрын үндэсний хөтөлбөр бүрнээ биелэх   цагт эрх зүйн боловсролтой иргэдэд нийгмийн амьдралын бүхий л салбарт хууль ёсыг хамгаалах, сахиулах үндэсний хэмжээний чадавх бий болно хэмээн гүнээ итгэж байна. Энэхүү гарын авлагыг өмнө нь хийгдсэн ижил төсөөтэй гарын авлагын түвшинд тулгуурлан боловсруулсан тул агуулга, чанарын хувьд ахисан гэж найдаж байна. Эрх зүйн хөтөч нарын хувьд  үндсэн гарын авлагыг арга зүйн гарын авлага болох “Эрх зүйн хөтчид зориулсан сургалтын хөтөлбөр”-тэй хамт эрх зүйн сургалт, сурталчилгааны ажилд бүтээлчээр ашиглахыг зохиогчдын багийн зүгээс зөвлөж байна. Цаашид Хууль зүйн үндэсний хүрээлэн, Цогц дэмжлэг төв ТББ нь иргэдийн эрх зүйн боловсролын чиглэлд идэвхтэй ажиллах тул эдгээр гарын авлагын талаарх санал, шүүмж, дүгнэлтээ бидэнд ирүүлэхийг хүсье.

Та бүхэн энэхүү гарын авлагыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын номын сан”-аас танилцах боломжтой.

Төрөл: Шинэ ном