7041-02-19 15:51
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Докторын цуврал лекц боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэн докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулах, тэдний эрдмийн зэрэг хамгаалсан судалгааны ажлыг судалгааны эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх, судалгааны сэдвийг олон нийт, оюутан залуучууд, багш, судлаач, хуульчдад хүргэж нийтийн хүртээл болгох зорилгоор ДОКТОРУУДЫН ЦУВРАЛ лекцийг зохион байгуулдаг. Энэ удаагийн докторын цуврал лекцийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Докторын цуврал лекцийн хүндэт зочноор Сити их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн доктор Н.Мичидмаа оролцож “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичгийн судалгаа” сэдвээр лекц уншлаа.

Доктор Н.Мичидмаагийн “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичгийн судалгаа”  сэдэвт судалгааны ажил нь XX дугаар зууны анхны том эрх зүйн актыг төр, эрх зүйн түүхэн талаас судалснаараа онцлог бүтээл болсон байна. Лекцийг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг баяр хүргэж, тус хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн бүтээлийн дээжээс судлаач, хууль зүйн доктор Н.Мичидмаад гардууллаа.

Судалгааны ажил, лекцтэй холбогдуулж, академич Ж.Болдбаатар XX дугаар зууны анхны том эрх зүйн актыг судалсан нь түүхийн болон эрх зүйн судалгааг нэгтгэсэн чухал ач холбогдолтой болсон байгааг дурдан цаашид агуулга талаас нь улам бүр өргөжүүлэн судлаарай гээд шинжлэх ухааны ажилд нь өндөр амжилт хүслээ.

Мөн судалгааны ажил, лекцтэй холбогдуулж доктор Ц.Минжин Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг 1924 оны Үндсэн хуулийн суурь дэвсгэр болсон төдийгүй энэ сэдвийг хөндөж гаргасан доктор Н.Мичидмаад талархал илэрхийлэн, атар газар шиг эзгүй шахуу байгаа энэ салбарт хүчээ сорих олон судлаач төрүүлэх байх хэмээн цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

Энэ удаагийн лекцэд хуулийн байгууллагын эрдэмтэн, судлаач, багш, түүхч, архивч, хуульчид, хууль зүйн их, дээд сургуулиудын оюутнууд хүрэлцэн ирлээ.

Төрөл: Мэдээ