2019-11-12 15:02
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР” амжилттай боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс санаачилсан “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР” 2019 оны 01 дүгээр сарын 31-нд Хуульчдын танхимд амжилттай зохион байгуулав. Тус семинарыг Хууль зүйн зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал нээж үг хэлж, ХЗҮХ-ийн бүтээлийн дээжээс гардуулан өгөв. Энэхүү семинар нь докторант судалгааны ажлын үр дүнгээ илтгэн хэлэлцүүлэх, нийтэд таниулах, тэдний санал, шүүмжийг хэлэлцүүлэх зорилготой юм. Энэ удаагийн семинарт Хууль сахиулахын их сургуулийн докторант М.Алтан-Очир Хорих ял эдлүүлэх дэглэмийн эрх зүйн зохицуулалтын асуудал сэдвээр, Хууль сахиулахын их сургуулийн докторант Б.Одонгэрэл Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

Семинарт оролцсон докторант М.Алтан-Очир докторын судалгааны ажлын сэдвийн хүрээнд хорих ял эдлүүлэх дэглэмийн агуулгыг тодорхойлогч хорих байгууллагын төрөл, харуул хамгаалалт, хоригдлыг төрөлжүүлэн хуваарилж ял эдлүүлэх, хорих байгууллагад явуулах гүйцэтгэх ажил, хоригдлын дунд зохион байгуулах бүх төрлийн сургалт, хүмүүжил, спорт урлаг, соён гэгээрүүлэх болон хөдөлмөрлүүлэх үйл ажиллагаа, хоригдлын урамшуулал, оногдуулах сахилгын шийтгэл, хоригдлын ахуйн хангалт, эмнэлгийн үйлчилгээ, захидал, харилцаа, чөлөө зэрэг асуудлыг салбарын хууль тогтоомжийн үе шатаар судлан нийтлэг, төсөөтэй, ялгаатай тал, уламжлал, шинэчлэл зэргийг тодотгон гаргаснаар судалгааны ажлын шинэлэг тал болжээ.

 

Хууль сахиулахын их сургуулийн докторант Б.Одонгэрэл судалж буй “Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал” сэдэвт судалгааны ажилдаа компанийн гэмт хэргийн төрөл, түүний ял шийтгэлийн тогтолцоо, олон улсын чиг хандлага зэргийг тодорхойлж өгсөн нь судалгааны ажлын онцлог болжээ.

 

Семинарт Хууль сахиулах их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Г.Гантөмөр, Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор, А.Лхагва, хууль зүйн ухааны доктор, профессор Н.Гантулга, хууль зүйн ухааны доктор, профессор Р.Оюунбадам, Улсын ерөнхий прокурорын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Найгалдорж, Сургалт судалгааны төвийн хяналтын прокурор Ц.Мөнхбат, Г.Оюунболд зэрэг албан хаагч, багш, эрдэмтэн, судлаачид хүрэлцэн ирж, санал, шүүмж, зөвлөгөө өгч, цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсэв.

Мөн Хууль сахиулах их сургуулийн талаас “Докторантуудын цуврал семинар”-ыг хамтран зохион байгуулж ажиллахаа илэрхийлэв. Хууль зүйн үндэсний хүрээлэн хууль зүйн салбарын докторантуудтай хамтран ажиллахад нээлттэй байна.

Төрөл: Мэдээ