2019-11-14 17:29
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээнийг 11 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээнийг ардчилсан Үндсэн хуулийн баярын өдрийг тохиолдуулан хууль тогтоох, хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын ажилтан, хууль зүйн чиглэлээр сургалт явуулдаг сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач нарын дунд 2009 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тэмцээнийг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Чимид сан,  Монголын шатрын холбоо, “Цогц-Эрх партнерс” ХХН хамтран зохион байгууллаа. Монголын шатрын холбоо уг тэмцээнийг хамтран зохион байгуулснаар уг тэмцээний чансаа, цар хүрээ улам бүр нэмэгдэж байна.  Уг тэмцээнд Улсын их хурал, Үндсэн хуулийн цэц , Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо,  Монголын өмгөөлөгчдийн холбоо, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллагын нийтдээ 60 орчим тамирчид  өрсөлдлөө.

Тэмцээний нээлтэд Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид агсны гэргий Б.Цээрэгзэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ардын уран зохиолч Тангалын Галсан, “Чимид сан”-ийн гүйцэтгэх захирал, охин Ч.Сайнсанаа, ХЗҮХ-ийн захирал С.Энхцэцэг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор П.Амаржаргал МХХ-ны ерөнхийлөгч Ж.Хунан, “Цогц-Эрх партнерс” ХХН-ийн өмгөөлөгч Ж.Энхнасан нар оролцлоо.

Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээний:

Тэргүүн байрт  М.Мөнгөнхүү;

Хоёрдугаар байрт Д.Гандуулга;

Гуравдугаар байрт Н.Баатархуяг;

тусгай байрт: Н.Найгалдорж, Ч.Мянганжав, Т.Баярсайхан нар шалгарлаа.

Тус тэмцээнийг жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн тэмцээний тэргүүн байрын шагналт М.Мөнгөнхүүд Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээний шилжин явах цомыг гардуулсан юм.

Төрөл: Мэдээ