2019-08-23 10:14
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛОН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДСЭН АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар хурлыг 2019 оны 03 дугаар сарын 21, 22-ны өдөр МУИС-ийн Номын сангийн хурлын танхимд зохион байгуулж байна. Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их сургууль,  Монголын Хуульчдын холбоо, Нагояагийн Их сургууль, Ханнс-Зайделийн сан, Чимид сан зэрэг байгууллага хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Хуралд Монголын болон гадаадын Үндсэн хууль, захиргааны эрх зүйн тэргүүлэх эрдэмтэн, судлаачид болох МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессорууд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүх болон захиргааны хэргийн шүүхийн шүүгчид болон Япон улсын Нагояагийн их сургуулийн хууль зүйн сургууль, Их Британийн Кембриджийн их сургуулийн профессорууд оролцож өөрийн судалгааны ажлын үр дүнг танилцуулж, үндсэн хуульт ардчиллын ололт, амжилт, туршлага, тулгамдсан асуудлаасаа хуваалцаж, үр дүнтэй яриа өрнүүлж буйгаараа онцлогтой. Тус хурлын 2 дахь өдрийн хурлыг  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг үг хэлэх бол хурлын эхний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор П.Амаржаргал “Парламент тарах үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалт: тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

Монгол Улсын Их хурал 2019 оны хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлыг дараалалд “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөж буйгаа зарласан. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн суурь үзэл баримтлал нь өнгөрсөн хугацаанд олж авсан үнэт зүйл болох парламентын ардчилал бүхий хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байхад чиглэж байна. Парламентын тогтолцоо бол Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн баталгаа. Өмнөх болон одоогийн УИХ-ын бүрэлдэхүүн парламентын тогтолцоогоо бэхжүүлэх хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулан хэлэлцэж байгаа энэ үед тус олон улсын хурлыг зохион байгуулж буй нь ач холбогдолтой юм.

“Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал маргааш захиргааны эрх зүйн асуудлаар үргэлжилнэ.

Төрөл: Мэдээ