2019-08-23 10:30
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ” ШИНЭ БҮТЭЭЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2017 оноос эхлэн хууль зүйн салбарт шинээр хэвлэгдсэн бүтээлийг танилцуулах, тэдгээр бүтээлийг хуульчид, иргэдэд хүргэх, мэдээлэх, уг бүтээлийг шинжлэх ухааны, судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ удаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс” Хууль зүйн шинжлэх ухааны судалгааны арга зүй“ гарын авлага шинэ бүтээлийг танилцуулах арга хэмжээг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Шинэ бүтээлийг танилцуулах арга хэмжээг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн  захирал С.Энхцэцэг нээж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор П.Амаржаргал чиглүүлэн оролцов. “Хууль зүйн шинжлэх ухааны судалгааны арга зүй” гарын авлага бүтээлийн талаар Академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа, хууль зүйн доктор Б.Мөнхдорж, хууль зүйн доктор Б.Өлзийсайхан нар танилцуулга хийлээ.

Энэхүү бүтээл нь хууль зүйн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвидаг эрдэмтэн, судлаач, багш нар төдийгүй энэ чиглэлээр судалгаа хийх сонирхолтой оюутан суралцагчдын цаашдын эрдмийн ажилд томоохон түлхэц болохуйц бүтээл болсон юм.

Өнөөдрийн бидний зохион байгуулсан шинэ бүтээлийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нийт оролцогчдодоо талархал илэрхийлье.

Төрөл: Мэдээ