2019-09-17 19:34
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Дорноговь аймгийн хууль сахиулах чиг үүргийн төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөнд оролцож мэдээлэл хийв

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас  санаачлан  зохион байгуулсан Хууль сахиулах чиг үүргийн байгууллагын төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөн 2019 оны 4 дүгээр сарын 04, 05-ны өдөр  Сайншанд хотод боллоо. Энэхүү зөвлөгөөн нь Дорноговь аймаг дахь бүх шатны төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангах, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож, чадавхижуулах зорилго агуулснаараа онцлог байв.

Тус зөвлөгөөнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн  дарга А.Түвшинтулга оролцож  Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн агуулга, зорилго, хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажил болон орон нутагт хамтран ажиллах чиглэл, боломжийн талаар танилцууллаа.

Дорноговь аймгийн хувьд 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж энэ хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлыг хийхээр зорьж ажиллаж байна. Түүнчлэн аймгийн Засаг даргын зүгээс Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлыг орон нутагт санаачлан хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулж байв. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс санаачлан “Эрх зүйн боловсролыг иргэн бүрт” хууль зүйн мэдээллийн самбарыг бүх сумдынхаа Засаг даргын Тамгын газрын байранд байршуулахаар хүлээлгэн өгч байв.

Түүнчлэн  Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аймагтаа бүх сумдын эрх зүйн сургалт, сурталчилгааны мэргэжилтэн, нийгмийн ажилтан багш нарыг хамруулан эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар зохион байгуулалт болон санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр болсон сайн жишиг болох санаачлагтай ажил байлаа.

Төрөл: Мэдээ