2019-12-07 10:52
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтыг Дорноговь аймагт амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор  “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн нэг гол зорилт нь эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажил юм. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2018-2019 оны төлөвлөгөөний дагуу 2018 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон цогц ажлыг хэрэгжүүлэхээр заасны нэг нь эрх зүйн хөтчөөр бэлтгэгдэх хүмүүсийг сургах сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлэх ажил юм. Энэ дагуу эрх зүйн хөтчийн гарын авлага, сургалтын хөтөлбөр зэргийг боловсруулж хэвлүүлсэн. Ийнхүү бэлтгэсэн сургалтын хөтөлбөр, гарын авлагын дагуу “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтыг Улаанбаатар хотод гурван удаа зохион байгуулж 160 иргэнийг эрх зүйн хөтчөөр бэлтгэсэн. Энэ удаад тус сургалтыг Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын санаачилга, санхүү болон зохион байгуулалт үйл ажиллагааны дэмжлэгтэйгээр 2019 оны 4 дүгээр сарын 14, 15-ны өдөр хамтран орон нутагт анх удаа зохион байгууллаа.


Энэ удаагийн сургалтад Дорноговь аймгийн бүх сумдын Засаг даргын Тамгын газрын эрх зүйн сургалт, сурталчилгааны ажил хариуцсан мэргэжилтэн, Насан туршийн боловсролын төвийн сургагч багш, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан гээд нэг сумаас 3-4 иргэн нийт 65 хүнийг эрх зүйн хөтчийн сургалтад хамруулж бэлтгэлээ. Сургалтад оролцогчдод “Эрх зүйн хөтчийн гарын авлага” болон бусад ном хэрэглэгдэхүүнийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс өглөө. Тус сургалт хөтөлбөрийн дагуу 2 өдөр буюу 16 цагийн багтаамжтайгаар боллоо. Сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулга, арга зүйч багш Ц.Номиндарь, Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор А.Алтанзул, Билиг дээд сургуулийн захирал, хууль зүйн доктор Б.Өлзийсайхан, судлаач, хуульч, сургагч багш Ц.Азбаяр, Т.Галбаатар, Г.Цагаанбаяр нарын багш нар хичээл заалаа.

Цаашид эдгээр эрх зүйн хөтчийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс зохион байгуулалт удирдлагаар хангаж иргэдэд эрх зүйн мэдлэг, мэдээллийг түгээх ажлыг эрчимжүүлэхээ тус аймгийн удирдлагууд сургалтын үеэр онцолж байлаа. Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөлийн ажлын алба Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зүгээс орон нутгийнхантай тус сургалтыг зохион байгуулах боломжтой юм.

 

Төрөл: Мэдээ