2019-09-16 23:51
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэшил дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2013 оноос эхлэн Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн үнэт зүйлийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хөгжүүлэх, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэшил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн 2019 оны эхний сургалт 4 дүгээр сарын 19-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо.

Сургалтад “Эрүүгийн эрх зүй хичээлийг заах онол, арга зүйн зангилаа асуудал” сэдвээр академич С.Нарангэрэл, “Харилцааны ур чадвар, сургалтын үйл ажиллагаан дахь хандлага” сэдвээр сэтгэл зүйч М.Алтанцэцэг, “Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр хууль зүйн доктор Б.Батзориг, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн шинэчлэл ба сургалтад баримталбал зохих ерөнхий үзэл баримтлал” сэдвээр хууль зүйн доктор Г.Банзарагч, “Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдвээр хууль зүйн доктор Ц.Цогт, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн шинэчлэл ба сургалтад баримталбал зохих ерөнхий үзэл баримтлал” сэдвээр хуульч, судлаач Б.Эрдэнэбилэг нар нийт 6 цагийн хичээлийг зааж, багш нарын сонирхсон асуултад хариулт өглөө.

Тус сургалтад хууль зүйн их, дээд сургуулийн 20 багш хамрагдлаа. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс цаашид сургалтад оролцогч багш нарын санал, энэ чиглэлийн сургалтын хэрэгцээ, шаардлагыг харгалзан дараа дараагийн сургалтыг зохион байгуулах юм.

Төрөл: Мэдээ