2019-08-23 09:06
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ДУНДГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэ удаад эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын V ээлжийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймагт зохион байгууллаа. Сургалтад Дундговь аймгийн сумд дахь Насан туршийн боловсролын төвийн сургагч багш, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, Сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтан, сумын нийгмийн эрүүл мэндийн төвийн ажилтан зэрэг ажил, мэргэжлийн 60 иргэнийг эрх зүйн хөтчөөр бэлтгэлээ. Сургалт  6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Дундговь аймгийн төв Сайнцагаан суманд болж өндөрлөлөө.

Тус сургалтад хөтөлбөрийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга, Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор, дэд профессор А.Алтанзул, МХХ-ны гишүүн, хуульч, хууль зүйн доктор Б.Гүнбилэг, Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг, МХХ-ны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Б.Эрдэнэбилэг, Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн В.Лут-Очир, Отгонтэнгэр их сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн багш Б.Мөнхзаяа нар хичээл заалаа.

Мөн сургалтын үеэр аймгийн хуулийн байгууллагуудын “Хууль зүйн үйлчилгээг нэг цэгээс хүргэх нээлттэй өдөрлөг” арга хэмжээнд оролцож Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх тогтолцоо, орон нутагт эрх зүйн хөтөч бэлтгэж буй ажлын талаар танилцууллаа. Цаашид эдгээр эрх зүйн хөтчийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс зохион байгуулалт удирдлагаар хангаж иргэдэд эрх зүйн мэдлэг, мэдээллийг түгээх ажлыг эрчимжүүлэхээ тус аймгийн удирдлагууд сургалтын үеэр онцолж байлаа.

Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөлийн ажлын алба Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зүгээс аймгуудын Засаг даргын Тамгын газартай хамтран тус сургалтыг зохион байгуулах боломжтой юм.

Төрөл: Мэдээ