2019-08-23 09:35
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ОРХОН АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг  3.2.1-т эрх зүйн хөтөчийн тогтолцоо бий болгох; 3.2.6-д төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах. 6.4.3-т эрх зүйн хөтөч бэлтгэх, чадавхыг нь тасралтгүй бэхжүүлэх талаар заасан. Хөтөлбөрийн дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрх зүйн хөтөч бэлтгэх ажлыг нийслэл болон орон нутагт зохион байгуулж эхлээд байна. Энэ дагуу эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын  VIII ээлжийн сургалт ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан,  Орхон аймагт аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа болон санхүүжилтийн дэмжлэгтэйгээр тус аймагт амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Орхон аймгийн эрх зүйн хөтчөөр ажиллаж буй иргэд, Насан туршийн боловсролын төвийн сургагч багш, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сум, багийн нийгмийн ажилтан зэрэг ажил, мэргэжлийн 33 иргэн хамрагдлаа. Тус сургалт 6 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Орхон аймагт болж өндөрлөлөө.Тус сургалтад хөтөлбөрийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга, Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор, дэд профессор А.Алтанзул, Монголын хуульчдын холбооны гишүүн, хууль зүйн доктор Б.Гүнбилэг, Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, Дотоод хэргийн их сургуулийн багш, хууль зүйн доктор, дэд профессор Н.Мөнхзул, Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн В.Лут-Очир нар хичээл заалаа.

Орхон аймгийн хувьд үндсэн 8 иргэний орон тоо, цалин урамшууллын асуудлыг шийдвэрлэж эрх зүйн хөтчөөр ажиллуулан хууль зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллийн ажлыг хийдэг сайн туршлага хэрэгжүүлж ажиллаж байна.

Түүнчлэн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дэргэд Хууль зүйн сургалт, мэдээллийн төвийг ажиллуулж иргэдийн эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх ажилд идэвх, санаачлаг, үр бүтээлтэйгээр ажилладаг байна. Мөн хууль зүйн сургалт, сурталчилгаа мэдээллийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэж иргэдэд хүргэдэг жишиг тогтоон ажиллаж байна. Тус аймгийн хувьд өмнөх сайн жишиг, тогтолцоо, нөөц боломждоо тулгуурлан одоогийн шинээр бэлтгэж буй эрх зүйн хөтөч нартайгаа хамтран үйл ажиллагаагаа өргөтгөн цаашид иргэдийн эрх зүйн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх ажилд дэвшил гаргаж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

 

Төрөл: Мэдээ