2019-09-16 23:03
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Монгол, Хятад хоёр орны худалдаа, эдийн засгийн салбар дахь хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны форум”-д Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн төлөөлөл амжилттай оролцлоо

 

“Монгол-Хятадын 3 дугаар ЭКСПО” энэ сарын 6-10-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот болон Улаанцав хотод болж өндөрлөлөө. Тус экспо арга хэмжээний хүрээнд “Монгол, Хятад хоёр орны худалдаа, эдийн засгийн салбар дахь хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны форум”-ыг энэ жил анх удаа хамтатган зохион байгууллаа. Тус арга хэмжээг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн ордон удирдан, ӨМӨЗО-ны Хууль зүйн танхим гүйцэтгэн 2019 оны 9 дүгээр сарын  6-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулга нар оролцов. Тус форумд Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулга “Монгол Улсын Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр ба иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн ажил, үйлчилгээ” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Энэ удаагийн форумыг “Хууль зүйн үйлчилгээ нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд дэмжлэг болох нь” сэдвийн дор зохион байгуулсан ба Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Нотариатын танхимын төлөөлөгчдийг урьж оролцууллаа.

Мөн тус арга хэмжээний үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хууль зүйн үйлчилгээний танхимын үйл ажиллагаатай танилцлаа. Тухайлбал, тус танхимаас хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээ болох иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгөх тусгай дугаарын утас түүнийг хэрхэн ажиллуулж буй байдал, Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн 4k цахим систем, хууль түүхчлэх программ, танхимын үйл ажиллагаа болон хууль зүйн холбогдолтой аливаа мэдээллийг бэлтгэдэг теле студийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

 

 

 

Төрөл: Мэдээ