2019-10-15 15:22
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Докторын цуврал лекц боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэн докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулах, тэдний эрдмийн зэрэг хамгаалсан судалгааны ажлыг судалгааны эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх, судалгааны сэдвийг олон нийт, оюутан залуучууд, багш, судлаач, хуульчдад хүргэж нийтийн хүртээл болгох зорилгоор ДОКТОРУУДЫН ЦУВРАЛ лекцийг зохион байгуулдаг. Энэ удаагийн докторын цуврал лекцийг Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор Д.Эрдэнэчимэг “Барааны тэмдэг, зохиогчийн эрх хоорондын зөрчил, шийдвэрлэх арга зам” сэдвээр 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр лекц уншлаа.

Цуврал лекцийг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг үг хэлсэн бол Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор П.Амаржаргал хөтлөн явуулав.

Доктор Д.Эрдэнэчимэгийн “Барааны тэмдэг, зохиогчийн эрх хоорондын зөрчил, шийдвэрлэх арга зам” сэдэвт судалгааны ажил нь оюуны өмчийн чиглэлээр тодорхой буюу нарийвчлан судалснаар анхдагч, онцлог бүтээл болсон байна.

Судалгааны ажил, лекцтэй холбогдуулж Хууль сахиулах их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр докторын ажлын шаардлагыг хангасан сайн бүтээл болсон ба докторын ажлын шүүмжлэгч байгууллагаар Оюуны өмчийн газар, мөн олон докторууд оролцон өндрөөр үнэлсэн байгаа тухай дурдлаа.

Энэ удаагийн лекцэд хуулийн байгууллагын эрдэмтэн, судлаач, багш, Оюуны өмчийн байгууллагын албан хаагч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн төлөөлөгчид,  хууль зүйн их, дээд сургуулийн багш, оюутнууд оролцлоо.

 

Төрөл: Мэдээ