2019-11-17 23:54
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Өмнөговь аймагт Эрх зүйн хөтчийн булан нээгдлээ

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг  Засгийн газрын 50 дугаар тогтоолоор 2018 оны 2 дугаар сард батлуулснаас хойш 1 жил 6 сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд заасан олон зорилтот ажлыг хийж байна. Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөрийг батлах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх нэг гол ажил нь иргэд хүссэн цагтаа, хүссэн газраасаа шаардлагатай мэдээлэл авах, сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийн баталгаатай эх сурвалж болох эрх зүйн цахим мэдээллийн сан “e-khutuch.mn” портал цахим хуудсыг бүтээж, ашиглалтад оруулах ажил юм. Энэ талаар Үндэсний хөтөлбөрийн 3.2.2-т эрх зүйн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх боломжийг өргөтгөх; 3.2.3-т эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, судалгаанд мэдээллийн технологийг ашиглах; Эрх зүйн цахим хөтөч ажиллуулах e-khutuch.mn ажиллуулах талаар тус тус заасан.

Энэ ажлын хүрээнд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан www.e-khutuch.mn цахим хуудасны үйл ажиллагааг иргэдэд Эрх зүйн хөтчийн мэдээллийн булан байдлаар талаар хүргэхээр ажиллаж ийнхүү Өмнөговь аймагт 2 дахь эрх зүйн хөтчийн буланг нээж байна. Тус ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн оролцоо II төсөл, Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгууллаа.

Нээлтэд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа,  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, “Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга С.Энхцэцэг, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Ганзориг нар оролцлоо.

Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан е-khutuch.mn цахим хуудас нь  иргэдийн эрх зүйн гол эх сурвалж, цахим гарын авлага болж ашиглагдах төдийгүй, нийт иргэдийн хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос авах цахим хөтөч болж ашиглагдах юм.

Төрөл: Мэдээ