2019-12-13 17:13
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д боллоо.Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад Харилцааны Яам, Гадаадын иргэн, харьяатын газар, бусад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон юм.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг 2010 онд баталсан бөгөөд нийт 11 удаа нэмэлт өөрчлөлт орж байжээ. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулахад чиглэсэн зохицуулалтууд тусгагдсан байна.

Хэлэлцүүлгийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл, баримтлал, төслийн танилцуулга”, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Виз олгох эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх нь”, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлэгт оролцогчдын санал, хүсэлтийг сонслоо.

Хэлэлцүүлэгт оролцсон оролцогчдын санал, хүсэлтийг сонсч, тайлбар мэдээлэл өгсөн ба зарим саналыг хуулийн төсөлд холбогдох байгууллагын саналыг авсны үндсэн дээр хуулийн төслийг тусгаж ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.

Төрөл: Мэдээ