2019-12-13 17:11
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Өвөрхангай аймагт Эрх зүйн хөтчийн булан нээгдлээ

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 50 дугаар тогтоолоор 2018 оны 2 дугаар сард батлуулснаас хойш 1 жил 6 сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд заасан олон зорилтот ажлыг хийж байна. Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөрийг батлах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх нэг гол ажил нь иргэд хүссэн цагтаа, хүссэн газраасаа шаардлагатай мэдээлэл авах, сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийн баталгаатай эх сурвалж болох эрх зүйн цахим мэдээллийн сан “e-khutuch.mn” портал цахим хуудсыг бүтээж, ашиглалтад оруулах ажил юм. Энэ талаар Үндэсний хөтөлбөрийн 3.2.2-т эрх зүйн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх боломжийг өргөтгөх; 3.2.3-т эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, судалгаанд мэдээллийн технологийг ашиглах; Эрх зүйн цахим хөтөч ажиллуулах e-khutuch.mn ажиллуулах талаар тус тус заасан. ЭЭнэ ажлын хүрээнд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан www.e-khutuch.mn цахим хуудасны үйл ажиллагааг иргэдэд булан байдлаар хүргэхээр ажиллаж байна. Ийнхүү Өвөрхангай аймагт 3 дахь эрх зүйн хөтчийн буланг нээж байна. Тус ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн оролцоо II төсөл зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.

“Эрх зүйн хөтөч”-ийн булангын нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ишдорж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга, Өвөрхангай аймгийн Засаг Даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Отгонцэцэг нар оролцлоо.

Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан е-khutuch.mn цахим хуудас нь иргэдийн эрх зүйн гол эх сурвалж, цахим гарын авлага болж ашиглагдах төдийгүй, нийт иргэдийн хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос авах цахим хөтөч болж ашиглагдах юм.

Төрөл: Мэдээ