2020-01-26 12:36
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах нэгдсэн арга хэмжээ боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 5 жилийн (2018-2023 он хүртэл) хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний  хөтөлбөрийн зорилго  нь нийт иргэдэд эрх зүйн мэдээ, мэдлэгийг цахим болон цахим бус байдлаар нээлттэй, хүртээмжтэй, энгийн хялбарчилсан  хэлбэрээр хүргэх замаар өдөр тутмын амьдралдаа хэрэглэх чадварыг нэмэгдүүлж, хүн амын эрх зүйн боловсролын эрэлт хэрэгцээг хангах тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Хөтөлбөр батлагдсанаас хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах нэгдсэн арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөл”-ийн дарга Ц.Нямдорж үг хэллээ.

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний  хөтөлбөр” батлагдсанаас хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцууллаа.

Мөн “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан байгууллага, судлаачдад талархал гардууллаа. Уг арга хэмжээний хүрээнд “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн ажил, бүтээгдэхүүн түүн дотроо хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан www.e-khutuch.mn  цахим хуудас болон “Өрхийн эрх зүйн хөтөч гарын авлага” ном нээлтийн ажиллагааг хамтатган зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөлийн гишүүн байгууллага тэдгээрийн төлөөлөл, яам, агентлагийн холбогдох ажилтан, хууль зүйн их, дээд сургуулийн багш нар болон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан олон улсын байгууллагын төлөөлөл, судлаачид, иргэд оролцлоо.

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажилд энэ хугацаанд хамтран ажилласан, цаашид ч хамтран ажиллах байгууллага, судлаачид, иргэд Та бүхэнд талархал илэрхийлье.

 

Хууль зүйн үндэсний хүрээлэн

(Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөлийн ажлын алба)

Төрөл: Мэдээ