2020-07-14
+(976)-11-315735 | Монгол хэл | English

Докторын цуврал лекц цахимаар боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэн докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулах, тэдний эрдмийн зэрэг хамгаалсан судалгааны ажлыг судалгааны эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх, судалгааны сэдвийг олон нийт, оюутан залуучууд, багш, судлаач, хуульчдад хүргэж нийтийн хүртээл болгох зорилгоор ДОКТОРУУДЫН ЦУВРАЛ лекцийг зохион байгуулдаг. Энэ удаагийн докторын цуврал лекцийг ШШГЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга, хууль зүйн доктор М.Алтан-Очир “Хорих ял эдлүүлэх дэглэмийн эрх зүйн зохицуулалтын асуудал” сэдвээр 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр цахим хэлбэрээр лекцээ уншлаа.

Цуврал лекцийг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор, дэд профессор П.Амаржаргал үг хэлсэн бол Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Г.Халиунаа хөтлөн явуулав.

Доктор М.Алтан-Очир нь “Хорих ял эдлүүлэх дэглэмийн эрх зүйн зохицуулалтын асуудал” сэдэвт судалгааны ажлаар хорих ял эдлүүлэх дэглэмийн талаар нэлээд гүнзгий судалсан байх бөгөөд 2019 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулдаг “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР”-т оролцон уг сэдвээ танилцуулж байсан юм. Энэ удаагийн лекцээр “дэглэм” гэсэн ойлголт, хорих ял эдлүүлэх дэглэм, хорин ялын эрх зүйн түүхэн эх сурвалжийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Судалгааны ажил, лекцтэй холбогдуулж, докторын ажлын шүүмжлэгч Монгол Улсын гавьяат хуульч, доктор (Ph.D) Р.Оюунбадам үг хэллээ. Тэрээр энэхүү бүтээл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, хоригдол хоорондын харилцааг зохицуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийн эрх зүйн зохицуулалт хоорондын нарийн төвөгтэй асуудлыг гарган эрдмийн зэрэг хамгаалж бичсэн байгаа нь сайн ажил болсон төдийгүй энэхүү чиглэлээр сонирхон судлах судлаач, эрдэмтдийн эрдэм судлалын ажилд ач холбогдолтой болсныг онцлон, энэхүү бүтээлийг эргэлтэд оруулж, соён дэлгэрүүлж байгаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хамт олондоо баярлан талархсанаа илэрхийлэв.

Мөн судалгааны ажил, лекцтэй холбогдуулж ДХИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл үг хэлсэн юм. Тэрээр хорих ял эдлүүлэх нээлттэй, хаалттай дэглэм, энгийн, тусгай зэрэглэлийн талаар нэгдсэн ойлголт, ялгааг төдийлөн гаргаж чадаагүй байгаа энэ үед хорих ял эдлүүлэх ажиллагааны цөм хэсэг болох дэглэмийн асуудал, түүний эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, гадаадын орнуудад хорих ял эдлүүлэх дэглэм ямар онцлогтой байгаа талаар судалж докторын ажлаа хамгаалсан бөгөөд “Хорих ял эдлүүлэх дэглэм” гэсэн нэг сэдэвт бүтээлээ гаргасан нь цаг үеэ олсон чухал ажил болсон гэж Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын сургуулийн профессорын баг дэмжиж өндрөөр үнэлж байгааг дурдлаа.

Төрөл: Мэдээ