2017-11-18 20:51
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Мэндчилгээ

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Засгийн газрын 2002 оны 121 дүгээр тогтоолын дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш чиг үүргийнхээ дагуу Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэсэн судалгааг шинжлэх ухааны арга зүйгээр явуулах, орон даяар эрх зүйн мэдээ, мэдээллийг түгээх, шинээр батлагдах хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулж иргэд, судлаачдын саналыг тусгахаар Улсын их хурал, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байна.
Хууль зүйн нийтлэг бодлогын асуудлаар бодлогын болон хавсарга судалгааг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар хийж хууль тогтоомжийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлж, мэдээлэл, судалгаа, онол арга зүйн туслалцаа үзүүлж байна. 2016 онд эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн 2008 оноос хойших хэрэгжилтийг дүгнэн, зарим хүрээний эрх зүйн шинэтгэлийн үр дүн, цаашдын асуудлыг судлан, Монгол Улсын хэрэгцээ, шаардлагад үндэслэн эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх үндэсний бодлого тодорхойлоход харгалзан үзэх зарим асуудлаар санал, зөвлөмж боловсруулсан.
Судалгааны үр дүнгээ олон нийтийн хүртээл болгох, практикт судалгааны эргэлтэд оруулах зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судалгааны цахим санг бий болгон ажиллаж байгаа төдийгүй шинээр төрсөн доктор эрдэмтний судалгааны ажлыг нийтэд танилцуулах, хууль зүйн салбарт шинээр гарсан бүтээлүүдийг судлаач, багш, оюутанд таниулах ажлуудыг хийж эхлээд байна.
Тус хүрээлэнд байрлах номын санг хуульчдад зориулж орчин үеийн шинэлэг бүтээлүүдээр баяжуулах ажлыг эрчимтэй хийж, хууль зүйн шинжлэх ухааны төрөлжсөн, эрдэм шинжилгээ, судалгааны номын сан болгох зорилт тавин ажиллаж байна. 2017 онд тус хүрээлэн олон улсад нэр хүнд бүхий Sage Journals, Liverpool University Press, Annual Reviews зэрэг цахим номын сангийн судалгааны баялаг эх сурвалжийг ашиглах эрхийг өөрийн нэрээр авч, судлаачдад үнэ төлбөргүй ашиглуулахаар болж буйг Та бүхэнд дуулгахад таатай байна.
Мөн эрх зүйн мэдээллийг олон нийтэд хүргэхдээ интернет, телевиз, цаасан хэвлэл, танхимын сургалт, хэлэлцүүлэг зэрэг мэдээллийн олон суваг, арга хэрэгслийг ашиглаж байна. Ингэснээр иргэд эрх зүйн мэдээллийг хүртээмжтэйгээр олж авах, шинээр батлагдсан хууль тогтоомжийг шуурхай, ойлгомжтойгоор хүлээн авах, хууль төрөхийн өмнө хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож саналаа хэлэх замаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийг амьдралд хэрэгжихэд бодитойгоор хувь нэмрээ оруулах боломж бүрдэж байна.
Та бүхэн манай байгууллагын цахим хуудсаар зочилж хууль зүйн салбарын болон эрдэм шинжилгээ, судалгааны болон байгууллагын чиг үүрэгтэй холбоотой, бидний үйл ажиллагааны талаарх цаг үеийн бүхий л мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН
ЗАХИРАЛ С.ЭНХЦЭЦЭГ