2018-01-17 22:03
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн ажиллах журам

stns
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын 2015 оны А/03 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

ХУУЛЬ ЗҮЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Хууль зүйн судалгааны төвийн /цаашид “судалгааны төв” гэх/ ажиллах журам нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрэмд нийцүүлэн судалгааны төвийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг, судалгааны бүтээгдэхүүн тэдгээрт тавигдах шаардлага, судлаачийн эрх үүрэг болон судалгааны төвийн ажлыг төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх, тэдгээртэй холбогдон гарах харилцааг зохицуулна.

Хоёр. Судалгааны төвийн үйл ажиллагааны зарчим

2.1.Судалгааны төв нь эрдэм шинжилгээний байгууллагын нийтлэг үнэт зүйл, академик эрх чөлөөг эрхэмлэн үйл ажиллагаандаа шинжлэх ухаанч, шинийг эрэлхийлэгч, санаачлагч, бүтээлч, бодитой хандах зарчмыг баримтална.

Гурав. Судалгааны төвийн чиг үүрэг

3.1.Судалгааны төв нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрмийн 2.2, 2.6, 2.11, 2.12, 2.13-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.2.Судалгааны төв чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах үндсэн үйл ажиллагаа явуулна. Үүнд:

3.2.1.Хууль зүйн нийтлэг бодлогын асуудлаар бодлогын болон хавсарга судалгааг эрх зүйн суурь судалгаанд тулгуурлан хийх;

3.2.2.Хуулийн төсөл боловсруулах ажилд лавлагаа, судалгаа, бусад мэдээллээр үйлчлэх;

3.2.3.Төрийн захиргааны төв байгууллагуудад хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судлах асуудлаар арга зүйн туслалцаа үзүүлэх;

3.2.4.Эрх зүйн харьцуулсан судалгаа хийж, үндэсний хууль тогтоомжийн хөгжил, онцлогийг тандан судлах;

3.2.5.Олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал, сургалт, семинар зохион байгуулах зэргээр хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд дэмжлэг үзүүлэх;

3.2.6.Гадаадын ижил төстэй судалгааны байгууллагатай хамтран ажиллах, зочин судлаач солилцох, туршлага судлах, олон улсын хурал семинарт оролцох ажлыг зохион байгуулах зэрэг болно.

Дөрөв. Судалгааны төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ажилтны эрх үүрэг

4.1.Судалгааны төв нь эрдэмтэн нарийн бичгийн дарга, бодлогын ахлах судлаач /цаашид “ахлах судлаач” гэх/ болон бодлогын судлаач /цаашид “судлаач” гэх/ нараас бүрдэнэ.

4.2.Судалгааны төвийг эрдэмтэн нарийн бичгийн дарга удирдана. Ахлах судлаач, судлаач болон номын сан нь эрдэмтэн нарийн бичгийн даргын шууд удирдлага дор ажиллана. Номын сангийн ажиллах дүрмийг тусгайлан баталж мөрдөнө.

4.3.Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь хууль зүйн тодорхой салбараар ахисан түвшний бодлогын болон хавсарга судалгааг хийх, удирдах, үр дүнг нийтийн хүртээл болгох, хамтарсан болон багийн судалгааг зохион байгуулах, удирдах, хянах ажлыг хариуцан ажиллана.

4.4.Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь судалгааны ажилд мэргэжил-арга зүйн зөвлөгөө өгч, ажлын гүйцэтгэлийг хянаж, үнэлнэ.

4.5.Ахлах судлаач нь судалгааны төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

4.6.Ахлах судлаач нь судалгааны төвийн ажлыг хуваарилан төлөвлөж, явц, гүйцэтгэлийг хангуулах, эрдэмтэн нарийн бичгийн даргад тайлагнах үүрэгтэй.

4.7.Судалгааны төвийн ажилтан ажлын байрны тодорхойлолтын дагуу нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, судалгааны удирдамжид заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

4.8.Судлаачид мэргэшсэн чиглэлийн дагуу суурь судалгааг тасралтгүй хийх үүрэгтэй бөгөөд энэ нь ажлын байрны үндсэн шаардлага байна.

4.9.Судалгааны ажлын хүрээнд гаргасан дүгнэлттэй холбогдуулан судлаачдад гадны ямар нэгэн дарамт, шахалт ирсэн тохиолдолд эрдэмтэн нарийн бичгийн даргад нэн даруй мэдэгдэнэ.

Тав. Судалгааны төвөөс гаргах бүтээгдэхүүн, түүнд тавих шаардлага

5.1. Судалгааны төв нь судалгааны ажлын чиглэлээр дараах бүтээгдэхүүнийг гаргана. Үүнд:

5.1.1.Бодлогын судалгаа;

5.1.2.Лавлагаа мэдээлэл;

5.1.3.Товч тэмдэглэл;

5.1.4.Судлаачийн зөвлөмж;

5.1.5.Хэрэгжүүлж болох шинэ санаа;

5.1.6.Баримт бичгийн төсөл;

5.1.7.Илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл;

5.1.8.Ном, гарын авлага;

5.1.9.Хурал, хэлэлцүүлэг;

5.1.10.Сургалт семинар.

5.2.Судалгааны бүтээлийн зохиогчийн эрхийг Хууль зүйн үндэсний хүрээлэн болон түүнийг гүйцэтгэсэн судлаачид эзэмшинэ.

5.3. Бодлогын судалгаа

5.3.1.Хууль зүйн бодлогын судалгаа нь хууль зүйн бодлогын тулгамдсан асуудлыг судлан, дүн шинжилгээ хийж, асуудлыг шийдвэрлэх практикт хэрэгжихүйц шийдлийн хувилбаруудыг тодорхойлон, хувилбарын эерэг, сөрөг талыг үнэлж, дүгнэсний үндсэн дээр шийдвэр гаргагчдад зохист хувилбарыг дэвшүүлсэн санал, зөвлөмж бүхий бүтээгдэхүүн байна.

5.3.2.Бодлогын судалгаа нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

5.3.2.1.Судалгааны хураангуй;

5.3.2.2.Удиртгал;

5.3.2.3.Судалгааны үндэслэл;

5.3.2.4.Судалгааны арга зүй;

5.3.2.5.Судалсан мэдээлэл;

5.3.2.6.Дүн шинжилгээ;

5.3.2.7.Дүгнэлт;

5.3.2.8.Санал зөвлөмж;

5.3.2.9.Ном зүй;

5.3.2.10.Хавсралт.

5.4. Лавлагаа

5.4.1.Лавлагаа нь тодорхой сэдэв, асуудлын бодит дүр зургийг тоймлон харуулж, бусад орны эрх зүйн зохицуулалт, нөхцөл байдлыг тодруулсан мэдээллүүдийг агуулсан бүтээгдэхүүн байна.

5.4.2.Лавлагаа нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

5.4.2.1.Удиртгал;

5.4.2.2.Ерөнхий ойлголт;

5.4.2.3.Өнөөгийн нөхцөл байдал;

5.4.2.4.Гадаад орнуудын туршлага;

5.4.2.5.Холбогдох эх сурвалжийн жагсаалт.

5.5.Товчлол

5.5.1.Товчлол нь урьд хийгдсэн судалгааны бүтээлийн товч агуулга, дэвшүүлсэн гол санааг шийдвэр гаргагч богино хугацаанд ашиглах боломжийг олгосон, ойлгоход хялбар байдлаар боловсруулсан мэдээлэл агуулсан бүтээгдэхүүн байна.

5.6.Судлаачийн зөвлөмж

5.6.1.Судлаачийн зөвлөмж нь судлаач болон судлаачдын багаас тодорхой асуудлыг шийдвэрлэх зохист хувилбар, түүнийг хэрэгжүүлэх арга зам, үр дагаврын талаар шийдвэр гаргагчид өгч буй санал, шийдлийг агуулсан бүтээгдэхүүн байна.

5.7.Хэрэгжүүлж болохуйц шинэ санаа

5.7.1.Хэрэгжүүлж болохуйц шинэ санаа нь харьцуулсан судалгаа болон бодлогын дүн шинжилгээнд тулгуурлан судлаачаас санал болгож буй хэрэгжих боломжтой шийдвэрийн хувилбар, бүтээлч санаачлагыг агуулсан бүтээгдэхүүн юм.

5.7.2.Хэрэгжүүлж болохуйц шинэ санаа нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

5.7.2.1.Үзэл санааны ерөнхий төсөөлөл;

5.7.2.2.Шийдвэрлэх асуудал, ач холбогдол;

5.7.2.3.Шийдвэрлэх хувилбарууд;

5.7.2.4.Хэрэгжүүлэх арга ажиллагааны зөвлөмж;

5.7.2.5.Анхаарах асуудал.

Зургаа. Судалгааг гүйцэтгэх, судалгааны ажлын зохион байгуулалт

6.1.Судалгааны төв нь хууль зүйн бодлогын судалгааг дагнан эрхлэхдээ судалгааг өөрөө төлөвлөн хийх, захиалгаар хийх, бусадтай хамтрах болон зохицуулан холбох (координаци) хэлбэрээр гүйцэтгэнэ.

6.2.Төлөвлөгөөт судалгаа

6.2.1.Төлөвлөгөөт судалгаа гэж хууль зүйн нийтлэг бодлого, УИХ-аар баталсан Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичиг болон хүрээлэнгийн Бодлогын зөвлөлийн гаргасан судалгааны сэдэвт хамаарах шийдэл хүлээсэн асуудалд үндэслэн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны үндсэн дээр гүйцэтгэх судалгааг хэлнэ.

6.2.2.Эрдэмтэн нарийн бичгийн дарга ахлах судлаачтай хамтран судалгааны ажлын сэдэв, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, дараа оны төлөвлөгөөт судалгааны саналыг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор боловсруулж Хүрээлэнгийн захирлаар батлуулна.

6.2.3.Төлөвлөгөөт судалгааг сэдвийн хүрээ, агуулгаас хамаарч судлаач дангаар эсхүл судалгааны баг бүрдүүлэн судалгааны удирдамж, нарийвчилсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэнэ.

6.3.Захиалгат судалгаа

6.3.1.Захиалгат судалгаа гэж төрийн болон бусад байгууллагаас Хүрээлэнгийн нэр дээр ирүүлсэн захиалгын саналыг хүлээн авч гүйцэтгэх судалгааг хэлнэ.

6.3.2.Судалгааны захиалгын саналыг албан бичгээр хүлээн авч баталгаажуулна. Лавлагаа мэдээллийн шинжтэй захиалгыг утсаар буюу цахим шуудангаар авч болно. Захиалгат судалгааны нэгдсэн бүртгэлийг судалгааны төв хариуцан гүйцэтгэнэ.

6.3.3.Захиалагч нь судлаачид шууд хандсан тохиолдолд тухайн судлаач энэ журмын дагуу захиалгыг баталгаажуулах арга хэмжээ авах үүрэгтэй.

6.3.4.Байгууллагын сонирхлын зөрчилтэй байж болох захиалгат судалгааны сэдвийг Хүрээлэн бие даан хийхээс татгалзах ба тухайн судалгааг зохицуулан холбох /координаци/ хэлбэрээр гүйцэтгүүлэх саналыг хүрээлэнгийн захиралд танилцуулж шийдвэрлүүлнэ. Шаардлагатай тохиолдолд Бодлогын зөвлөлийн саналыг авна.

6.3.5.Эрдэмтэн нарийн бичгийн дарга судалгааны ажлыг гүйцэтгэх хэрэгцээ, шаардлага, хүний нөөц, боломжит байдал, хүрээлэнгийн судалгааны чиглэл зэргийг судлан үзэж ахлах судлаач болон тухайн чиглэлээр мэргэшсэн судлаачтай зөвлөлдсөний үндсэн дээр, захиалга хүлээн авах эсэхийг ажлын 2 хоногийн дотор Хүрээлэнгийн захиралд танилцуулж шийдвэрлэнэ.

6.3.6.Захиалгат судалгааг бие даан гүйцэтгэх шийдвэр гарсан тохиолдолд энэ журмын 5.1-д заасан судалгааны бүтээгдэхүүнийг захиалагчид санал болгож, судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулна.

6.3.7.Судалгааны төв нь судалгааны ажлыг захиалга ирүүлсэн цаг хугацааны дараалал болон ач холбогдол зэргийг харгалзан гүйцэтгэнэ. Тухайн судалгааны ажлын цар хүрээнээс хамааран заасан хугацаанд гүйцэтгэх боломжгүй бол энэ тухай захиалагчид мэдэгдэж боломжит хугацаа, асуудлын хамрах хүрээг нарийвчлан тохирно.

6.4.Гэрээний үндсэн дээр хамтран гүйцэтгэх судалгаа

6.4.1.Судалгааны төв тодорхой судалгааны ажилд тухайлсан салбараар мэргэшсэн эрдэмтэд, судлаачидтай гэрээ байгуулан судалгааг бүхэлд нь гүйцэтгүүлэх эсвэл хамтран гүйцэтгэж болно.

6.4.2.Судалгааны ажлыг бусдаар захиалан гүйцэтгүүлэх нь судалгааны ажлыг бүхэлд нь бусдаар захиалан гүйцэтгүүлэх эсхүл судалгааны төвийн судлаачид, бусад эрдэмтэн, судлаачидтай хамтран гүйцэтгэх гэсэн хоёр хэлбэртэй байна.

6.4.3.Судалгааны ажлыг бусдаар захиалан гүйцэтгүүлэхдээ зохих сонгон шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулна.

6.5.Зохицуулан холбох (координаци) судалгаа

6.5.1.Судалгааны сэдэв, ач холбогдол, цаг үе, судалгааг хийх нөөц бололцоо зэргээс хамаарч бусад судлаач болон судалгааны байгууллагад зуучлан, шилжүүлэх судалгааг зохицуулан холбох судалгаа гэнэ.

6.5.2.Хүрээлэн зохицуулан холбох судалгааг хийх тохиолдолд захиалагчтай гэрээ байгуулж ажиллана.

6.5.3.Тодорхой зорилгод хүрэхийн тулд хүрээлэн өөр бусад байгууллагатай хамтран ажиллахдаа гэрээ, санамж бичиг гэх мэт баримт бичиг үйлдэж болно.

6.6.Судалгааны ажлын зохион байгуулалт

6.6.1.Судалгаа бүрт судалгааны зорилго, зорилт, арга зүй, хамрах хүрээ зэргийг тусгасан удирдамж, төлөвлөгөө боловсруулж эрдэмтэн нарийн бичгийн даргаар батлуулна.

6.6.2.Судалгааны ажлын явцад эрдэмтэн нарийн бичгийн дарга, ахлах судлаач болон тухайн судалгааг удирдан гүйцэтгэх судлаач мэргэжил-арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж ажиллана.

6.6.3.Судалгааны багийг ахлах судлаач болон мэргэшсэн чиглэлээс хамаарч судлаач удирдаж болно.

6.6.4.Ахлах судлаач болон судалгаа удирдаж буй судлаач судалгааны захиалгатай холбогдуулан захиалагчаас тайлбар тодруулга, нэмэлт мэдээлэл гаргуулан авах, судалгааны багийн гишүүдийн ажлыг хуваарилах, оролцоог хангах, мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх ба удирдамж, төлөвлөгөөнд заасны дагуу судалгааны ажилд оролцох, мэдээлэл боловсруулж дүн шинжилгээ хийх, дүгнэлт зөвлөмж гаргах, тайлан боловсруулах ажлыг хянах ба судалгааны багийн гишүүдийн оролцооны үнэлгээг гаргаж эрдэмтэн нарийн бичгийн даргад танилцуулна.

6.6.5.Судлаач нь судалгааны ажлын удирдамж, төлөвлөгөөнд заасан асуудлаар хайлт хийх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, лавлагаа мэдээлэл бэлтгэх, тухайн асуудлаар дүгнэлт, зөвлөмж бичих, тайлан боловсруулах зэргээр ажиллахаас гадна багаар ажиллах үед судалгааны тайлан нэгтгэх, бодлогын хувилбаруудыг тодорхойлж дүгнэлт гаргах, хэрэгжүүлэх арга механизмын талаар санал зөвлөмж боловсруулах үүрэгтэй. Мөн хууль болон бодлогын баримт бичгийн төсөлд дүн шинжилгээ хийж, судалгааны ажил дангаар гүйцэтгэнэ.

6.6.6.Судалгааны төв нь судалгааны бүтээгдэхүүнийг зохих шаардлагад нийцсэн, бодитой, төвийг сахисан эсэхэд дүгнэлт гаргах Редакцийн зөвлөлтэй байна. Редакцийн зөвлөл нь эрдэмтэн нарийн бичгийн дарга, ахлах судлаач болон судалгааг удирдсан судлаачаас бүрдэнэ. Ажлын шаардлагаар эрдэмтэн нарийн бичгийн дарга тухайн асуудлаар мэргэшсэн судлаачид редакцийн ажлыг хариуцуулж болно.

6.6.7.Судалгааны төв мэргэжлийн эксперт, зөвлөх, судлаачдыг гэрээгээр ажиллуулах хүсэлтийг Хүрээлэнгийн захиралд танилцуулан шийдвэрлүүлнэ. Судалгааны явцад нээлттэй хэлэлцүүлэг, мэтгэлцээн, фокус бүлгийн уулзалт, анкетийн санал асуулга, эрдэмтэн, судлаач, мэргэжлийн экспертүүдтэй уулзалт, ярилцлага зохион байгуулж болно. Эдгээр арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах бусад нэгжийн хамтын оролцоо болон санхүүгийн дэмжлэгийг зохих журмын дагуу авч хэрэгжүүлнэ.

6.6.8.Судалгааны явцад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Судалгааны төвийн вэб сайтаар дамжуулан шаардлагатай асуудлаар олон нийтийн саналыг авч, хэлэлцүүлэг хийж болно. Мөн иргэдээс бичгээр ирүүлсэн судалгааны ажилтай холбогдох саналыг судалгааны явцад ашиглаж болно.

6.6.9.Судалгааны төв нь холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас албан ёсны мэдээллийг гаргуулан авна.

Долоо. Судалгааны төвийн ажлыг төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх

7.1.Судалгааны төвийн ажлыг төлөвлөх, тайлагнах

7.1.1.Судалгааны төвийн ажлыг төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх үйл ажиллагаанд байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”, “Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, ур чадварын нэмэгдэл олгох журам”-ыг баримтална.

7.1.2.Байгууллагын хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хүрээнд судалгааны төвөөс тухайн жилийн бүтээгдэхүүн нийлүүлэх арга хэмжээний саналыг гарган хүрээлэнгийн “Үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө”-нд тусгана.

7.1.3.Судлаач сар бүрийн ажлын төлөвлөгөөг өмнөх сарын 25-ны дотор эрдэмтэн нарийн бичгийн даргаар батлуулна.

7.1.4.Судалгааны төвийн гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт, товч мэдээллийг хүрээлэнгийн вэб сайтад тогтмол байршуулна. Судалгааны товч агуулгыг хүрээлэнгийн сайтад байрлах судалгааны цахим санд байршуулна.

7.1.5.Судалгааны бүтээлийг цахим болон хэвлэмэл байдлаар сан үүсгэн хадгалах бөгөөд хэвлэмэл хувийг Хүрээлэнгийн номын санд хадгалуулахаар хүргүүлнэ.

7.1.6.Судалгааны тайланг эцсийн байдлаар эрдэмтэн нарийн бичгийн дарга хянаж, захиралд танилцуулан захиалагч болон холбогдох байгууллага руу хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

7.1.7.Судалгааны тайланг архив, албан хэрэг хөтлөлтийн журмын дагуу хүрээлэнгийн архивт хадгалуулна.

7.1.8.Судалгааны явцын болон эцсийн үр дүнг олон нийтэд, эсвэл тодорхой бүлгийн хүрээнд тайлагнах, мэдээлэх, хэлэлцүүлэх хэлбэрээр сурталчлан таниулах ажлыг зохион байгуулна.

7.1.9.Судалгааны ажлын үр дүнг сургалтын хөтөлбөрийн эх сурвалжид ашиглаж болно.

7.1.10.Судалгааны ажлын үр дүнг хүрээлэнгийн бодлогод нийцүүлэн бусад нэгжтэй хамтран олон нийтэд сурталчлан таниулах ажлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр зохион байгуулна.

7.1.11.Судалгааны үр дүнг сонин хэвлэлд эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, ярилцлага хэлбэрээр нийтлүүлж болох ба үүнд тус журмын 6.2-ыг баримталж, байгууллагын нэр, судлаачийн нэр, албан тушаалыг хамтад нь дурдсан байна.

7.1.12.Эрдэмтэн нарийн бичгийн дарга төлөвлөгөөний биелэлт, ажлын явцыг 7 хоног бүр судалгааны төвийн шуурхай зөвлөгөөнөөр тогтмол хэлэлцэж, судлаач бүрийн ажилд чиглэл, заавар, зөвлөгөө, үнэлэлт өгнө.

7.1.13.Ажилтан ажлын биелэлтийн тайланг сар, улирал, хагас жил, бүтэн жилээр гаргана. Ажилтан тайланг тайлант хугацааны тухайн сарын 25-ны дотор эрдэмтэн нарийн бичгийн даргад гаргаж өгнө. Ажлын тайланг нэгтгэн дүгнэж, төлөвлөгөөний биелэлтийн мэдээ, тайланг эрдэмтэн нарийн бичгийн дарга тухайн сарын 29-ний өдөрт багтаан Захиргааны хэлтэст хүргүүлнэ.

7.2.Ажлыг үнэлэх

7.2.1.Эрдэмтэн нарийн бичгийн дарга сар бүрийн 5-ны дотор судлаачийн ажлын төлөвлөгөөний биелэлт, ур чадварыг ахлах судлаачийн саналыг тусган “Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, ур чадварын нэмэгдэл олгох журам”-ын дагуу Үнэлгээний хуудас хэрэглэн дүгнэнэ.

7.2.2.Ахлах судлаачийн ажлын гүйцэтгэл, ур чадварыг Эрдэмтэн нарийн бичгийн дарга “Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, ур чадварын нэмэгдэл олгох журам”-ын дагуу Үнэлгээний хуудас хэрэглэн дүгнэнэ.

7.2.3.Эрдэмтэн нарийн бичгийн дарга үнэлгээнд үндэслэн ажилтанд ур чадварын нэмэгдэл олгох саналаа хүрээлэнгийн захиргаанд хүргүүлнэ.

7.2.4.Эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлын гүйцэтгэл, ур чадварыг хүрээлэнгийн захирал дүгнэнэ.

7.2.5.Мөнгөн урамшил олгох, шилдэг ажилтан шалгаруулахдаа холбогдох хууль тогтоомж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн шагнал урамшил, тусламж, дэмжлэг үзүүлэх журамд заасан шалгуур, болзлыг харгалзана.

7.3.Мэдээлэх

7.3.1.Судлаач байгууллагын үйл ажиллагааны тухай, байгууллагын байр суурийг илэрхийлсэн мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх тохиолдолд Захиргааны хэлтэс болон Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хариуцсан нэгжид тухай бүр мэдэгдэх буюу хамтарч ажиллана.

7.3.2.Судлаач нь удирдлагын зөвшөөрөлгүйгээр хүрээлэнгийн албан ёсны байр суурийг илэрхийлсэн аливаа мэдэгдлийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээх, сонин хэвлэлд нийтэлж бичихийг хориглоно.

7.3.3.Судлаач нь хувь хүний үзэл бодлоо илэрхийлсэн нийтлэл бичих буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч болох ба энэ тохиолдолд өөрийнхөө нэрээр хаяглана.

7.3.4.Судлаач дор дурдсан мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэж болно. Үүнд:

7.3.1.Хүрээлэнгийн үйл ажиллагааны танилцуулга;

7.3.2.Судалгааны ажлын үр дүн;

7.3.3.Хүрээлэнгээс зохион байгуулсан болон зохион байгуулах сургалт, бага хурал, симпозиум, семинарын талаарх мэдээлэл.

Найм. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах

8.1.Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хүрээлэнгийн захиралд уламжилж, шийдвэрлүүлнэ.