АНУ-ЫН НЬЮ ХЭМПШИР МУЖИЙН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ НАР ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
- 2023-05-23
- Ц.Энхжин
- 510
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн төлөөлөл 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Нью Хэмпшир мужийн Дээд шүүхийн ерөнхий шүүгч Гордон Макдональд, Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Майкл Буэнгер болон Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Шүүхийн ёс зүйн төвийн захирал Дэвид Сакар нарыг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Давааням (LL.D) болон Муж улсуудын шүүхийн Үндэсний төвийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Майкл Буэнгер нар өөрсдийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, эрх зүйн мэдээллийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх арга замын талаар санал солилцов.
Муж улсуудын шүүхийн Үндэсний төвийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Майкл Буэнгер олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлах, танин мэдүүлэх хүрээнд хуульч бус мэргэжилтний оролцоог хангах, иргэдийн мэдээлэл авах сувгуудыг өргөнөөр ашиглахын чухлыг тэмдэглэсэн. Мөн уулзалтын төгсгөлд Нью Хэмпшир мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Гордон Макдональд хууль тогтоогч хууль тогтоомжийг батлахаас өмнө нийгэмд бий болгох үр нөлөөг сайтар ухамсарласан байх ёстойг онцолсон юм.