Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан боллоо

  • 2021-03-29
  • Ц.Энхжин
  • 2,758

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 50 дугаар тогтоолоор иргэдийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх, эрх зүйн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулж хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.

 Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөл”-ийн дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр /2021.03.29/ боллоо. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга Х.Нямбаатар болон тус зөвлөлийн гишүүд цахимаар оролцлоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга Х.Нямбаатар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх замаар тэдэнд хуулиар олгогдсон боломж, бололцоог ойлгуулах, улмаар түүнийг ашиглан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадвар, чадавх, нөхцөл боломжийг бий болгох нь хөтөлбөрийн гол зорилго юм.

 “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталснаас хойш хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд заасан олон зорилтот ажлыг хэрэгжүүлж ирсэн. Улс орон даяар ковид-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч Эрүүл мэндийн яам болон цагдаагийн байгууллагын зүгээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх маш олон ажилд санаачилга гарган идэвхтэй ажилласныг дурдах нь зүйтэй.

Мөн “Нээлттэй нийгэм форум” ТББ-аас Хэнтий, Сэлэнгэ аймгийн бүх сумдад эрх зүйн хөтчийн буланг байгуулахад компьютер, дэлгэц, принтер зэргээр дэмжлэг үзүүлэн ажилласан нь аймгуудад жишиг болохуйц санаачилгатай ажил болж чадсан. Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс Зайделийн сангаас дээрх хөтөлбөрийн хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнд орчин үеийн подкаст студийг байгуулж, хамтран ажилласанд талархал илэрхийлье.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас төлбөрийн чадваргүй иргэнд үзүүлэх хууль зүйн туслалцааг зөвхөн сэжигтэн, яллагдагч гэж хязгаарлахгүйгээр төлбөрийн чадваргүй хохирогч нарт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа.

Хууль батлагдсанаар төлбөрийн чадваргүй, гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд, мөн бэлгийн эрх эрх чөлөөний гэмт хэргийн хохирогч болсон хүмүүст энэ хуулийн үйлчлэл илүү өргөн хүрээнд хүрнэ гэж үзэж байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эрх зүйн боловсрол олгох хичээлийг түлхүү оруулж, хүүхэд багачуудыг багаас нь эрх зүйн анхан шатны мэдлэгтэй хүн болгож төлөвшүүлэх нь чухал гэдгийг онцлон хэллээ. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх нь Засгийн газрын нэн чухал ажил бөгөөд олон талын хамтын ажиллагаа идэвхтэй байж үр дүнд хүрнэ. Ялангуяа уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Үндэсний зөвлөлийн гишүүн бүрийн үүрэг оролцоо, хамтын ажиллагаа маш чухал. Мөн байгууллага бүр Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтэд онцгой анхаарч, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй нягт хамтран ажиллахыг хүсье” гэв. Хуралдаанаар Үндэсний зөвлөл, ажлын албаны хийж гүйцэтгэсэн ажлын тайланг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал бөгөөд Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Эрдэм-Ундрах, Үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг тус хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга В.Энхтамир танилцууллаа. Дараа нь төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Үндэсний зөвлөлийн дэд дарга Б.Баасандорж гишүүдээс санал авч, хэлэлцүүлснээр “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг 2021-2022 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний төслийг зарчмын хувьд дэмжин баталлаа.