БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН VI ХУРАЛДААН БОЛЛОО

  • 2022-12-20
  • Э.Цэрэндүзээ
  • 326

 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.12.20/ боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөлийн дарга Х.Нямбаатар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ 2022 онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажил, арга хэмжээнээс дурдсан юм.

Тухайлбал, улсын хэмжээнд нийт 1900 орчим эрх зүйн хөтчийг шинээр бэлтгэж, 600 гаруй эрх зүйн хөтчийг чадавхжуулсан бөгөөд эдгээр эрх зүйн хөтөч нь 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг хүргэж ажилласан.

ХЗҮХ-ээс ажиллуулдаг 1800-1202 дугаарын утсаар, чатбот болон мессежбот үйлчилгээгээр дамжуулан 4500 гаруй иргэнд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн байна. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банк, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан зэрэг байгууллагууд дэмжин ажиллав.

Үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг тус зөвлөлийн нарийн бичгийн дарга, ХЗҮХ-ийн захирал, доктор Х.Эрдэм-Ундрах танилцуулав. Хуралдааны төгсгөлд Үндэсний зөвлөлийн гишүүд хөтөлбөрийн сүүлийн жилд анхаарч  ажиллах асуудлуудаа зөвшилцөж, цаашид гишүүн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах замаар хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгдлээ.

Үндэсний зөвлөлийн даргаас гишүүдэд хандаж, эрх зүйн мэдлэг, мэдээллийг бага наснаас нь эхлэн олгох, мэдээллийн усргалын уялдаа холбоог сайжруулахаас гадна шинэлэг санал, санаачилга гаргахад онцгой анхаарч бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлж ажиллах чиг үүрэг өглөө.